Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр улсын яллагчийн зүгээс Кью Эс Си ХХК, Говийн зам зэрэг дөрвөн компанийн зээлтэй холбогдуулан "Засгийн газар олонхоороо шийдвэр гаргасан. Гарсан нь хууль болдог биз дээ. Тухайн үед Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын Засгийн газарт танилцуулсан төсөл нь шаардлага хангаагүй, тооцоо судалгаа хийгээгүй нөхцөл харагддаг. Ганцхан хувийн хэвшлийн албан бичгийг үндэслээд танилцуулга хийгдээд ороод ирсэн юм шиг. Эдийн засгийн яам дээр тооцоо судалгаа хийгдсэн үү гээд үзэхээр байдаггүй юм билээ. Засгийн газрын гишүүдээ сонсолгүйгээр, тооцоо судалгаагүй цаашид олох орлого ашгийг нь тооцоололгүйгээр шийдвэр гаргасан нь хэр үндэслэлтэй вэ" гэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Та надаас асуух ёсгүй зүйл асуугаад байна. Манай ЗГ-ын сайд нарыг зогсоогоод асуух ёсгүй л дээ. Намайг Монголын түүхэнд байхгүй асуудлаар буруутгаад байгаа учраас би танд тайлбар хэлье. Үүнийг мэдэж байж оруулж ирсэн. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд асуудал оруулдаггүй. Маш ховор. Тэгэхээр асуудлыг яаралтай ч бай, яаралгүй байсан ч оруулж ирсэн сайд нь танилцуулгаа бэлтгэж оруулж ирдэг. Та нар материалыг үзсэн бол эхний ээлжийн тооцоо судалгаанууд гарчихсан байсан. Хоёрдугаарт, "Говийн зам" компанийн мэдэлд байсан ганцхан замыг олон компанийн машин явуулахын тулд зарчмын шийдвэр гаргасан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсны дараа албажсан. Би дөрвөн удаа Засгийн газарт ажилласан. Ерөнхий сайд Засгийн газарт асуудал оруулж ирдэггүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна