2024/11/24

Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна

info@inder.mn
2023/05/04

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, хатагтай Цүчия Шинаког Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки хатагтай Цүчия Шинаког танилцуулж түүний Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын талаар товч мэдээлэл өгсөн юм.

Японы парламентад тасралтгүй найман удаа сонгогдон ажиллаж байгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүн Цүчия Шинако Япон улсаас Монголд үзүүлж буй тусламж, төсөл хөтөлбөрийн үр дүнтэй биечлэн танилцах, цаашид ямар чиглэлээр хамтарч ажиллах талаар санал боловсруулах зорилготой ирсэн байна.

Тэрбээр Монгол Улс, Япон улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж энэ буудал хөгжиж буй орнуудад жишиг болох хэмжээнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн. Мөн байгаль орчны салбарт үзүүлсэн тусламж дэмжлэгийн нэгээхэн хэсгийг MCS группийн “Coca cola”-гийн үйлдвэрээс харсандаа сэтгэл өндөр байна гээд эрүүл мэндийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнгийн жишиг болсон Монгол-Японы эмнэлэгт ажилласан сэтгэгдлээ ч хуваалцсан.

Хатагтай Цүчия Шинако Японы томоохон эмнэлэгт очсон мэт сэтгэгдэл төрүүлсэн Монгол-Японы эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх боломжийг судлах хэрэгтэй юм байна гэж бодсоноо хэлээд цаашид амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг өсгөх, мэргэжилтэн сургах, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарах нь зөв гэсэн байр сууриа ч илэрхийлсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг харилцаа хамтын ажиллагааны хагас зуун жилийн түүхэндээ Япон улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхэд буцалтгүй тусламжийн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд нэн ялангуяа дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлын хүнд үед вакцин худалдан авах болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон нь Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр болсныг онцлон дурдлаа. Түүнчлэн төслийн буцалтгүй тусламжийн хүрээнд нэмэлтээр 1.0 тэрбум иен, цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд 883 сая иенийн санхүүжилтийг олгож, эдгээр тусламжийн хүрээнд Япон улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг олгосон нь цар тахлын үед төдийгүй эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд тогтмол ашиглагдах томоохон хөрөнгө оруулалт болсныг тэмдэглэв.

Хоёр улсын Эрүүл мэндийн яамдын хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2018 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд олон улсад бие биенээ тууштай дэмжиж ажиллаж ирснийг Эрүүл мэндийн сайд яриандаа онцлоод өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Япон улсад хоёр ч удаа айлчилж тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан тухайгаа сонирхуулсан.

Тэрбээр Монголын эмч, сувилагч нарыг Японд мэргэжил дээшлүүлэх, төгсөлтийн дараах богино хугацааны сургалтад хамруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Цүчия Шинако хатагтайн хэлсэн Монгол-Японы эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж өргөжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсад хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж, нас баралтын шалтгаан болж байгаа тул Хавдрын эмнэлгийг өргөтгөх, хавдрын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байгаа ч Эрхтэн шилжүүлэн суулгах төв өөрийн гэсэн байргүйгээс удаан хугацаагаар хүлээх улмаар амь насаа алдах эрсдэлд ч хүрч байгаа тул энэ төвийг өөрийн гэсэн байртай болгох нь тулгамдсан асуудал болоод байгаа тул Япон улстай энэ чиглэлд хамтрах боломжийг судлахыг хүслээ.

Манай улс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсэн. Тиймээс Японд энэ чиглэлээр мэргэжилтэн сургах, туршлага судлах зайлшгүй шаардлага байгааг ч хэлсэн. Иргэдийн дунд зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх оношлогоо шинжилгээ, эрт илрүүлгийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах үүднээс туршлага хуваалцах, шаардлагатай оношлогооны тоног төхөөрөмжийн дэмжлэг нэн хэрэгтэй байгаа. Газар нутаг томтой, засаг захиргааны нэгж олонтой, хүн ам нь тархай суурьшдаг хөдөөгийн нөхцөлд иргэд тэр бүр аймаг, нийслэлд ирж эрт илрүүлэгт орох боломжгүй учраас явуулын үзлэг, оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр орон нутгаа хангах хүсэлтэй байгаагаа ч сайд хуваалцсан.

Илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцсан уулзалтын төгсгөлд хоёр тал эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тусламж дэмжлэгийг бүхий л талаар өргөжүүлэх, үр дүнг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна