Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэв.
Эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх заалт болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ хэмээн явуулна хэмээн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хэлсэн бөгөөд Байнгын хорооны дарга хариулт өгөв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу дээрх төслийн гурван зүйлийг нэгбүрчлэн хэлэлцсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, санал гаргах шаардлагагүй гэв. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна