Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцсэн.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.
Тухайлбал, төслийн 14 дүгээр зүйлд “Энэ хуулийн 14.1.2, 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглоно.”гэсэн агуулгатай 14.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 31 дүгээр зүйлд “Төмөр замын суурь бүтэцтэй огтлолцох авто зам болон бусад төрлийн суурь бүтцийн зураг төслийг боловсруулахдаа төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө” гэсэн 31.4. дэх хэсэг болон “Энэ хуулийн 31.1-д заасан “бусад төрлийн суурь бүтэц" гэж “метро, трамвай, соронзон болон тусгай загвар бүхий түүнтэй адилтгах нийтийн тээврийн төмөр замыг ойлгоно.” гэсэн тайлбар нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэв.
Түүнчлэн төслийн 44 дүгээр зүйлд “Төрийн захиргааны байгууллагын дэргэд төмөр замын тээврийн тарифыг оновчтой тогтоох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий төмөр замын тээврийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллах бөгөөд Зөвлөлийн дүрмийг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, “Энэ хуулийн 44.5-д заасан Зөвлөлийн дарга, гишүүнийг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлөх ба нарийн бичгийн дарга нь орон тооны байна”, “3өвлөл нь эдийн засаг, хөгжлийн, төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллөөс гадна ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй байна.” гэсэн агуулгатай 44.5, 44.6, 44.7 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжлээ.
Мөн Төмөр замын тээврийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Төмөр замын зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ, суурь бүтцийн болон хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан Төмөр замын тээврийн тухай (Шинэчилсэн найруулга) болон хамт баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу холбогдох зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсний дараа дагаж мөрдөнө." гэсэн агуулгатай 4 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжив.
Ингээд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна