Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 99, 102 дугаар захирамжаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, С.Ганбаатар, Г.Ганболд, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг онцлов.
Мөн Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Ажлын хэсэг Улсын Их Хурлын “d-parliament.mn” цахим системд иргэдээс ирүүлсэн 52 санал, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, Т.Доржханд, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нараас ирүүлсэн 63 санал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналууд, мөн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улс төрийн 30 намын төлөөлөл оролцсон хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг үндэслэн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг Сонгуулийн төв байгууллага нягтлахаар байсныг Улсын дээд шүүх бүрэн хариуцах, бүртгэлтэй холбоотой журмыг батлах, намын хатуу гишүүнчлэлийн асуудлыг сулруулах зорилгоор нам нь гишүүд, дэмжигчтэй байхаар, нам бүх шатны сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хороотой байх, намд олгох төрийн санхүүжилтийн хоёр хувийн босгыг нэг хувь болгож бууруулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Аудитын тухай хуультай нэр томьёог нийцүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 61, найруулгын шинжтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Өнөрболор, Б.Баттөмөр, Н.Учрал, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, С.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд төслийн 17 дугаар зүйлд намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно гэсэн өндөр босго тогтоосон шалтгааныг тодруулахын зэрэгцээ төслийн 19.4. дэх хэсэгт нам бүх шатны сонгуульд намаас нэр дэвшүүлэх хороотой байх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйлд, намын дүрэмд нийцүүлнэ” гэж заасан шалтгааныг тодруулж байлаа. Мөн улс төрийн намын томилгоогоор сонгуульд нэр дэвших гишүүдийн хэм хэмжээ, тавигдах шаардлага, хязгаарлалтыг тодорхой хуульчлаагүй үндэслэлийг лавласан.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Хуулийн төсөлд намын Их Хурал дүрэм, мөрийн хөтөлбөр, намын дарга, төлөөллийн байгууллага батламжлах, хяналтын байгууллагаа сонгох гэсэн дөрвөн асуудал шийдвэрлэнэ гэж тусгасан. Намын Их Хурал дөрвөн жилд нэг л удаа болдог. Гэвч намын дүрэм, дарга өөрчлөгдөх шаардлага үүсвэл намын төлөөллийн байгууллагад ийм эрхийг олгоогүй явж ирсэн. Энэ удаа төлөллийн байгууллагад ийм эрхийг олгохдоо гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр, дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байх буюу намын Их Хурлын бүрэн эрхэд байнга халдаад байлгахгүйн тулд хязгаарлалтыг тусгаж өгсөн. Гуравны хоёрыг өндөр байна гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад олонх гэж өөрчилж болно” хэмээн хариулж байлаа.
Мөн тэрбээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон энэ хууль болон Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс нэр дэвших асуудлыг нээлттэй ил тод, хариуцлагатай болгох, намын хамт олны санал авдаг, намын гишүүдээр хэлэлцүүлдэг болох шаардлагатай талаар маш их санал ирүүлсэн. Энэ талаарх шийдвэр гаргах асуудлыг Сонгуулийн тухай хуульд төлөөллийн төв байгууллага байна гээд заасан байдаг. Иймд эл шийдвэрийг гаргахаас өмнө нэр дэвшигчээ сонгох, олон нийтээр хэлэлцүүлэх, шат шатны санал авах ажлыг зохион байгуулах хороотой байя гэж Ажлын хэсэг дээр ярилцсан. Иймд төлөөллийн байгууллага сонгон шалгаруулах хороотой, журамтай байх асуудлыг нарийвчлан тусгасан. Өөрөөр хэлбэл, намын дарга, цөөхөн хүний хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхгүй тулд хороо байгуулах зохицуулалтыг тусгасан. Эцсийн шийдвэрийг төлөөллийн төв байгууллага гаргана” гэх нэмэлт тайлбарыг өгсөн.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариултдаа “Монгол Улсын Үндсэн хуульд иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхийг нээгээд өгсөн болохоор улстөрийн намд ямар хүн элсүүлж болох, болохгүй тухай хуулиар зохицуулах боломжгүй. Хуулийн төслийг Ажлын хэсгийн хэдхэн гишүүд ярилцсан бус улс төрийн 30 гаруй намын төлөөлөл хэлэлцсэн. Тэд тодорхой олон асуудлуудыг улс төрийн намууд дотоод дүрмээрээ зохицуулах нь зүйтэй гэсэн тул уг хуулиар хязгаарлалт тавьж болохгүй гэж үзсэн байр суурийг дийлэнх олонх нь илэрхийлсэн” гэдгийг онцлов. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд ч энэ зарчмыг барьсан байх. Тухайлбал, уг төсөлд хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно гэж заасан” гэж байлаа.
Гишүүдийн асуулт, хариултаар үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдээс хойших хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэхээр болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна