Дэлхийн иргэн (Global Citizen) хөдөлгөөнөөс жил бүр зохион байгуулдаг “Global Town Hall” уулзалт 2023 оны есдүгээр сарын 2-ны өдөр “Энэ бидний дэлхий: Умард-Өмнөд-Өрнө-Дорнын иргэний нийгмүүдийн яриа хэлэлцээ” ерөнхий сэдвийн дор болж өнгөрөв.
Тус уулзалтын хүрээнд болсон “Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үндсэн илтгэгчээр оролцов.
Сайд Б.Батцэцэг охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим болохыг тэмдэглэж, дэлхийн хүн амын талыг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийг дэмжиж чадавхжуулснаар улс орон, нийгэм, эдийн засаг, хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр оруулахыг хэлсэн үгэндээ онцлов.
Үүнээс гадна сайд Б.Батцэцэг Монгол Улс үндэсний хөгжлийн бүхий л бодлого, үйл ажиллагаандаа жендэрийн үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлж ирснийг тэмдэглэж, жендэрийн тэгш эрхийг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, чадавхжуулах, тэдгээрийн манлайллыг дэмжих чиглэлд Монгол Улсын авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Түүнчлэн, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд авч хэрэгжүүлж буй санал санаачилга, хүчин чармайлтуудыг тууштай дэмжиж, дэлхий дахинд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, жендэрийн тэгш байдлыг хангах үйл хэрэгт өөрийн хувь нэмэр оруулж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Нийтэлсэн: Гадаад харилцааны яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна