Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Хууль зүйн газрын Эрх зүйн шилжилтийн албаны ерөнхий зөвлөх Вероника Брадаутану болон Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент, төслийн зохицуулагч С.Агьзул болон төслийн зөвлөх З.Шагдарсүрэн нарыг хүлээн авч уулзаж, Европын холбооны санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх” болон “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах” төслүүдийн талаар санал солилцлоо.
Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх” төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шалгарсан бөгөөд уг төслийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр оролцогч талуудын хамт амжилттай зохион байгуулсан билээ. Харин иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах төслийн хувьд уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх олон улсын болон дотоодын зөвлөхүүдийг сонгон шалгаруулж, төслийг эхлүүлэхэд бэлэн болсон бөгөөд уг төсөл мөн 2 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо дээрх төслүүдийн ажлын даалгаварт Хууль зүй, дотоод хэргийн яамны саналыг тусгасанд талархал илэрхийлж, төслүүд амжилттай хэрэгжсэнээр бизнес эрхлэх орчныг сайжруулахад бодитой дэмжлэг үзүүлж, бизнес эрхлэгчид маргаанаа илүү богино хугацаанд, үр дүнтэй шийдвэрлүүлэх, бизнесийн хэлцлүүдээс үүдэлтэй иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахад бодит хувь нэмэр болохыг онцоллоо.
Эх сурвалж: ХЗДХЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна