2024/11/24

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар Байнгын хороонд шилжүүллээ

info@inder.mn
2023/12/01

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг урагшуулж хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир гаргаж, дэмжигдсэн учраас  өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдлаа.

Тус хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа.

Тэрбээр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг асуулт асууж, хариулт авсан.  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслүүд болон Байнгын хорооны танилцуулгыг Та бүхэнд хүргүүлсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүнээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг баримтлан Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжигдлээ. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна