2024/07/27

Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай

info@inder.mn
2024/05/17

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд “Нэгэн зуун болоод нэгэн жарны түүхтэй Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрын баатарлаг түүхийн буурин дээр орчин цагийн Онцгой байдлын байгууллага өрхөө татаж, тулгаа тулснаар эдүгээ 20 жилийн ойтойгоо золгож байна.

Үе үеийн удирдан манлайлагчид, ажилтан, алба хаагчид, аврагч, гал сөнөөгчдийнхөө эх орон, ард түмнээ гэсэн чинь чин зүтгэл, ариун тангараг, үнэнч сэтгэлийг буухиалан бид өнөөдөр үндэсний хэмжээнд төдийгүй бүс нутаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж чадсан.

Хууль эрхзүйн орчноо шинэчилж, шинэ бүтээн байгуулалтуудыг өрнүүлж, чадавхиа бэхжүүлж, салбар нэгж бүртээ хийж бүтээсэн ололт амжилттайгаар түүхийн хуудсаа зузаатгалаа.

Энх цагийн эгэл баатрууд болсон Онцгой байдлын байгууллагын маань алба хаагчдын дундаас цэргийн дээд цолтнууд, Монгол Улсын гавьяатууд, Олон Улсын Иргэний хамгаалалтын баатарлаг үйлстнүүд төрөн гарч, алба хаагчид маань даян дэлхийн энхийг сахиулах үйлс, Олон улсын аврах ажиллагаанд оролцож улсынхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бахархан дурдахад таатай байна.

Энэ бүхэн бол гэгээн мөртэй ч гэтлэх саад ихтэй Онцгой байдлын байгууллагын тулах багана болсон алба хаагч та бүгдийн минь ажил үйлсийн үр дүн, энэ байгууллагын төлөө залуу халуун насаа зориулсан манай ахмад үеийнхний зүтгэл, эх орон, ард түмнийхээ амар амгалангийн төлөө алтан амиа зориулсан эрэлхэг зоригт хөвгүүдийн минь гавьяа юм.

Цаашдаа ч Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, баатарлаг түүх, бахдам замналаа үргэлжлүүлэн бидний алба улам хөгжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

          Эр зориг, хүн чанарын шалгуур болсон Онцгой байдлын байгууллагын үе үеийн аврагч, гал сөнөөгчид, тулгын чулууг тавилцсан ахмад буурлууд, хамтран зүтгэгчид, нийт бие бүрэлдэхүүндээ болон гэр бүлд нь Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын халуун дотно мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна