Чингэлтэй дүүргээс хэрэгжүүлж буй гэр хорооллын бүсийг моджуулах, хороодыг ногоон байгууламжтай болгох аяныг дүүргийн 13 дугаар хорооноос эхэллээ.
Аяны хүрээнд Хайлааст орчим буюу 13 дугаар хорооны айл өрх бүр хашаандаа 5 ширхэг мод тарьж ойр орчмын гудамж талбайд моджуулалт хийсэн юм. Энэ удаад тарьж буй “Шинжаан Улиас” нь хөвөн үүсгэдэггүй, хурдан ургадаг, хөрсний нөхцөлд тэсвэртэй гэх мэт олон давуу талтай мод бөгөөд гэр хорооллын бүсэд тохиромжтой юм.
Мод тарих аргачлал, арчилгааны зөвлөмжийг Монгол Улсын туршлагатай ойн инженер Б.Чимид иргэдэд газар дээр нь өгч, модыг зөв суулгах, арчлах, ургуулах талаар бодит сургалт, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Мод тарих аянд нэгдсэн 13 дугаар хорооны оршин суугч энэ талаар “Өмнө нь хашаа маань нүцгэн, тоос шороотой байдаг байсан. Одоо мод тарьснаар хүүхдүүд тоглох, амарч суух тохилог орчин бүрдэж эхэллээ. Бас хөршүүдтэйгээ илүү ойртож, хамтран ажиллах уур амьсгал бүрдэж байгаад баяртай байна” гэлээ.
Чингэлтэй дүүргийн зүгээс уг аяныг бусад хороодод шат дараатайгаар хэрэгжүүлж, гэр хорооллыг ногоон орчин, эрүүл агаартай бүс болгохоор зорьж байна. Иргэдийн идэвх, оролцоо, мэргэжлийн зөвлөгөөг уялдуулсан энэхүү арга хэмжээ нь нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бодлогын бодит үр дүн болж байгааг албаныхан онцолж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна