Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд М.Игавахара “Япон Улс өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүхий л салбарт тэр дундаа байгаль, экологийн салбарт хамтран ажиллахад онцгой анхаарч ирсэн.
Тухайлбал, 1977 оноос эхлэн цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, агаарын бохирдлыг бууруулахаас гадна олон чиглэлд нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа тухай дурдав. Хоёр улсын Байгаль орчны яамд хооронд Бодлогын зөвлөлдөх уулзалтыг ажил хэрэгч, амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд цаашдаа өргөн хүрээнд хамтран ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт тусламж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэнд талархаад цаашид уламжлалт хамтын ажиллагаанд ойжуулалт тэр дундаа говийн бүсэд Заган ойг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байгуулах, 2026 онд болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын бэлтгэлд хамтран ажиллахыг хүсэв.
Хоёр тал 2013 оноос эхлэн 2023 онд дуусах “Хамтарсан кредит олгох механизм” –ын хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан шинэчлэн сайжруулах талаар яриа хэлэлцээг эхлүүлэхээр тогтов. Японы талаас хоёр улсын нэгдэн орсон зарим олон талт байгаль орчны конвенцуудын талаар мэдээлэл хийн санал тавьснаар уулзалт өндөрлөв гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна