Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академиас банкны салбарын эхний хагас жилийн тайланг танилцууллаа.
Энэ үеэр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар эхний хагас жилд 30 хувийн өсөлттэй байна. Үүнийг бид хэт халалттай байна гэж үзэж байгаа. ДНБ 5 гаруй хувь, инфляц 5 гаруй хувьтай байхад зээлийн өсөлт хэт өндөр байгаа нь цаашид эдийн засаг хэт хөөсөрч, инфляц хөөрөгдөх эрсдэлтэй. Тиймээс хэт халалттай байна гэж үзэж байгаа.
Ялангуяа бизнесийн зээл 60 гаруй хувиар нэмэгдсэн. Үүнээс банкны салбар хэрэглээнээс илүү бизнесийн салбараа дэмжиж эхэлсэн нь харагдаж байгаа юм.
Чанаргүй зээл 5.9 хувь болж буурсан байна. Зээл олголт өссөн учраас чанаргүй зээлийн хувь буурдаг. Энэ нь сүүлийн 10 жилд байгаагүй таатай үзүүлэлт юм. Хэрэглээний зээлийн чанаргүй зээл буурсан. Уул уурхайн салбарын зээл ч буурсан.
Бүхий л салбарт чанаргүй зээлийн үзүүлэлт буурсан байна.
Төгрөгийн харилцах 36 хувиар нэмэгдсэн. Хадгаламж 20 их наяд орчим төгрөг болсон байна. Төгрөгийн ханш чангарсан гэсэн үг. Валютын хадгаламж буурч, төгрөгийн хадгаламж нэмэгдсэн.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүргүүлэх хэд хэдэн санал байна.
Хамтарсан Засгийн газарт багтсан гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүү бууруулах заалт байсан. Харамсалтай нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зээлийн хүү бууруулах тодорхой заалт алга. Зээлийн хүү бууруулах сонирхол байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж харж байна.
Ногдол ашгаас татвар авахгүй гэж ялсан намын мөрийн хөтөлбөрт байсан. Төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй гэж бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр заалтууд тусгасан байсан. Гэвч төсвийн тодотголоор энэ нь боломжгүй боллоо. Тиймээс амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэж харж байна.
Түүнчлэн төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн ч Төрийн банк хувийн хэвшлийн банкуудтай өрсөлдөж байна. Төрийн банкийг нэн яаралтай хувьчлах шаардлагатай гэж үзэж байна" гэсэн юм.
Мөн энэ үеэр Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг "Монголын эдийн засаг эхний хагас жилд 5.6 хувиар өслөө. Хөдөө аж ахуйн салбар нэлээд уналттай гарлаа. Эдийн засаг ер нь халалттай байлаа гэж хэлж болохоор байна.
Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голчлон нөлөөллөө. Эхний хагас жилд 40 сая тонн нүүрс экспортолсон үзүүлэлттэй байна.
Үйлчилгээний салбар буюу тээвэр, нийтийн хоолны салбар нэлээд өсөлттэй гарлаа.
Эдийн засаг хэдийгээр өсөлттэй гарч байгаа ч нөгөө талаар сэрэмжлэх асуудал байна. Урсгал тэнцэл алдагдалтай байна. Экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч үүнээс илүү импортын хэмжээ өсөж байна. Тиймээс төлбөрийн тэнцэл алдагдалтай гарвал нөөц буурах хандлагатай байна.
Төсвийн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна