Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Д.Амгаланбаатар нар энэ өдөр Бундестагийн гишүүн бөгөөд ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд К.Көүл-тэй Гадаад хэргийн яаманд уулзав. Төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ жил тохиож буй бөгөөд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн энэ оны 2 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг онцлон дурдаад ХБНГУ-ын Канцлер О.Шольцыг Монгол Улсад урьсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилга хэвээр байгааг нотлов. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор удахгүй зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Гадаад хэргийн дэд сайд хатагтай К.Көүл-ийг оролцохыг урив. Түүнчлэн өнгөрсөн 6 дугаар сард болсон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН нам хамтран Засгийн газар байгуулах болсон тухай, хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар мэдээлэл өгөв. ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд К.Көүл хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, стратегийн түншлэлд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Германы эвслийн Засгийн газар байгуулах явц, эвслийн хэлэлцээнд оролцож байсан өөрийн туршлагаасаа хуваалцав. Мөн уулзалтын үеэр талууд ардчилсан парламентын тогтолцоог бэхжүүлэх, сөрөг хүчний төлөөллийн эрх, Парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд Ажлын хэсгийн гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах манай улсын хууль эрх зүйн орчин, эмэгтэйчүүдийн квотын талаар мэдээлэл өгөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна