Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэлийн хүрээнд Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг хуралдлаа.
Хуралдааныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар ахалж явууллаа.
Энэхүү хуралдаанаар хоёр тал шинээр эхлэх 2 төслийн санал, санхүүжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж баталгаажууллаа.
Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар хамтран ажиллах санамж бичигт 2022 онд гарын үсэг зурснаар эхэлж, энэхүү түншлэлийг бодит ажил болгох Замын зураглалыг 2023 онд баталсанаар хамтын ажиллагаа улам эрчимжжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулан, үүнтэй уялдуулан ойн салбарт тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх зорилго бүхий үүрэг амлалтад чиглэсэн тус түншлэлийн хүрээнд одоогоор “Монгол оронд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн 1-р шат амжилттай хэрэгжиж дуусаад, 2-р дугаар шатны төсөл эхлээд байна. Тус төслийг Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага 2028 он хүртэл хэрэгжүүлэх юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулан “Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх” нь төсөл хэрэгжих юм. Мөн хуралдааны үеэр Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжих боломжтой төслүүдийн агуулгыг танилцуулан хэлэлцэж шийдвэрлэлээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна