ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хорооны дарга ноён Кан Ил Сопыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хошууч генерал Т.Бадрал, “Өнгөрсөн хоёрдугаар сард ОБЕГ болон БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хороо хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд байгалийн болон техникийн гаралтай гамшгийн менежментийн салбарт хэрэглэгдэж буй тэргүүн туршлагыг солилцох, талуудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, харилцан зөвлөмж, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Өнөөдрийн уулзалтаар дээрх харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хорооны дарга ноён Кан Ил Соптой гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлагдсанаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид шинэ түвшинд гаргах томоохон боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна