Цахим сүлжээ ашиглан бага болон өсвөр насны хүүхдүүдэд садар самуун агууламж бүхий дүрс, дуу бичлэг явуулж, бэлгийн дарамтад оруулж, бэлгийн харьцаанд орсон хэргийг илрүүлэн шалгаж байна.
Энэ талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн “Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 8-13 насны охидтой зориудаар хуурамч хаяг ашиглан танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харьцаанд орсон, садар самуунд уруу татсан, сурталчилсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн гэмт этгээд нь фэйсбүүк сүлжээнд хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охид, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд орох, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг, зураг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэргээр гэмт үйлээ хэрэгжүүлсэн нь анхаарал татаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт этгээд нь насанд хүрээгүй хоёр охинтой бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон.
Мөн бэлгийн харьцаанд ороогүй ч олон тоо охинд дүрс бичлэг илгээж, садар самуун үйлдэл хийлгэсэн нь тогтоогдсон тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.
ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Б.Очиржанцан “Бага болон өсвөр насны хүүхэд нь аливаа зүйлийг шимтэн сонирхох, итгэмтгий, аливаа зүйлийг шүүн тунгаах чадвар нь сул төдийгүй орчноос хайрын мэдрэмж хайх нь их байдаг.
Гэмт этгээдүүд нь өсвөр насны хүүхдийн зан чанарын онцлогт нь тулгуурлан, тэдний хүсэл сонирхлыг төрүүлж эсвэл айдас түгшүүрт автуулан тэднийг гэмт хэргийн хохирогч болгож байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах, тэднийг цаг гарган сонсох шаардлагатай байна.
Мөн Та хүүхдэдээ өөрийг нь хүлээн зөвшөөрдөг, өөрийг нь хайрладаг нэгэн байх хэрэгтэй. Хэрэв Та өөрийг нь бусадтай харьцуулах мэтээр үл тоох хандлага н гаргадаг бол энэ нь өнөөдрийн эрсдэлтэй байдлыг үүсгээд байгаа юм.
Түүнчлэн хүүхдийнхээ сошиал хэрэглээнд хувийн орон зайд нь хэт халдахгүйгээр хяналт тавих хэрэгтэй.
Хамгийн гол нь хүүхдийнхээ буруу зүйлээс өөрийгөө татан авах, аливаа зүйлийг шүүн тунгаах чадварыг нь хөгжүүлж, аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Мөн хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон эсвэл энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэлтэй иргэд ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу” гэв.
ВИДЕО:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна