2024/11/23

Ардын жүжигчин Б.Жаргалсайхан: Монголынхоо нийт үзэгч, ард түмэн та бүхэнд баярлалаа

info@inder.mn
2021/11/24

Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, драмын урлагт нэгэн насны ухамсарт амьдралаа зориулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль, шагналыг гардуулж өглөө. Тодруулбал, өнөөдөр Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор, МУГЖ, ЗУХ-ийн дарга Б.Жаргалсайхан, МУГЖ Д.Гүрсэд нарыг “Ардын жүжигчин” цолоор, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг “Гавьяат жүжигчин” цолоор, УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагналаа. Түүхт ойн өдрөөрөө энгэрээ мялаасан эрхэм уран бүтээлчдийн баярын сэтгэгдлийг уншигч танд хүргэе.

Ардын жүжигчин Д.Гүрсэд:

-Өнөөдөр төр засаг маань намайг өндөр дээд шагналаар шагнасанд баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлыг бүтээж явдаг энэ салбарт өөрийн ухамсарт амьдралаа зориулж, өнөөдөр төрдөө үнсүүлж байгаадаа баяртай байна. Монголын ард түмэн та бүхний цаашдын ажил үйлс өрнөн дэлгэрч, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Би 60 гаруй кинонд тоглосон. Туслах, гол дүрүүдээс гадна гадны уран бүтээлчидтэй хамтарсан бүтээлүүдэд ч тоглосон байна. Энэ бол манай хамт олон, уран бүтээлчдийн ач буян юм шүү.

Ардын жүжигчин Б.Жаргалсайхан:

-Монголынхоо нийт үзэгч, ард түмэн та бүхэнд баярлалаа. Үзэгч та бүхний халуун алга ташилтаар бид бүхний хөдөлмөр зүтгэл үнэлэгддэг. Тиймээс биднийг үнэлсэн тэр үнэлгээг төр маань дээдэлж, Ерөнхийлөгч маань энэ хүндтэй шагналыг өглөө. Мэдээж багш дор мөргөмү. ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов багшдаа мөргөе өө. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Дундговь нутгийн ард түмэн, зон олондоо баярлалаа. Ангийн нөхөд, найзууд та бүхэндээ баярлалаа. Театрын урлаг мөнхөд бадамлах болтугай.

МУГЖ Г.Амгаланбаатар:

-Драмын урлагт хоёргүй сэтгэлээр 21 жил зүтгэлээ. Энэ хичээл зүтгэлийг минь төр олон түмэн үнэлж МУГЖ хэмээх эрхэм хүнтэй цолоор шагнууллаа. Надад ташуур, урам өгсөн цол байх болно гэдгийг үзэгч та бүхэндээ хэлье. Илүү олон уран бүтээл гаргаж, сайн шавь төрүүлэх болно. Хаадын хаан андгай жүжгийн Их эзэн Богд Чингис хааныхаа дүрийг бүтээсний дараа энэ сайхан цолыг авсандаа туйлаас их баяртай байна. Төрсөн өдөр маань өнөөдөр тохиож байна. Их билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна. 

МУГЖ Ц.Баясгалан:

-Сэтгэл маш өндөр байна. Драмын театр 30 гаруй жил ажилласан. Сүүлийн 10 жилд драмын жүжигчин хүний хувьд театрын урлагийн хамгийн хүнд төрөл болох моно жүжгийн төрлөөр түлхүү ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа дэлхийн 17-18 орны тайзан дээр гарч Монгол Улсаа сурталчилсан байна. 10 гаруй моно жүжгийн олон улсын уралдаанд оролцож шагналт байр, тэргүүн байр, гранпри авсан байна. Энэ бүхнийг маань төр олж харжээ. Гэр бүл, аав ээж, УДЭТ-ын хамт олондоо маш их баярлаж байна. Нийт үзэгчдэдээ баярлалаа. Тэнгэрийн оронд байгаа Ардын жүжигчин Ц.Гантөмөр багш маань хараад баярлаж байгаа байх. Найруулагч Б.Баатар ах маань тэнгэрээс хараад баярлаж байгаа байх аа. Маш их баярлаж байна.

 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна