2024/11/24

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХУДАЛДААНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА 100 ЖИЛД: ӨНГӨРСӨН ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

info@inder.mn
2021/12/15

Гадаад харилцааны яамнаас ХХААХҮЯ, МУИС, ХҮИС, ШУТИС-тай хамтран Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Монгол улсын худалдаа 100 жилд: өнгөрсөн одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Хурлыг ХХААХҮЯ-ны дэд сайд Г.Батсуурь, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нар нээж, Монгол Улсад орчин цагийн худалдааны тогтолцоог анх 1921 онд “Харилцан туслах хоршоо” нэрээр үүсгэн байгуулснаар үндэс суурь нь тавигдсаныг дурдаж, Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа худалдааны салбарын нийт эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачид, үе үеийн ахмадуудад баярын мэнд хүргэв.

Эрдэм шинжилгээний хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Ноён Винод Кумар Ахужа, ДХБ-ын Ерөнхий захирлын орлогч Анабел Гонзалес, Дэлхийн банк, АХБ-ны мэргэжилтэн, хараат бус, чөлөөт эксперт Жеф Прокак, БНСУ-ын Ионсей Их сургуулийн доктор Ян Илсон, Япон Улсын Зүүн Хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн доктор Накажима Томоёоши,  БНХАУ-ын ХААОНХЯ-ны Хөдөө аж ахуйн худалдааг дэмжих төвийн судлаач Шуежин Жао, Стандартчилалын Үндэсний Хүрээлэнгийн доктор Шинжун Ши нар илтгэл хэлэлцүүлж, цахим хэлбэрээроролцов.

Мөн НҮБ-ын ХХААБ-ын  Монгол Улс дахь суурин төлөөлөгч Г.Нямжаргал болон МУИС, ХҮИС, ШУТИС-ын эрдэмтэн, судлаачид  Монгол Улсын худалдааны салбарын түүхэн хөгжил, туулж ирсэн замнал, гадаад дотоод худалдааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, цахим худалдаа, худалдааны бодлого, эрх зүйн орчны асуудлын талаар танилцуулга илтгэл тавьж, санал бодлоо солилцов.

Далайд гарцгүй, худалдааны өртөг, ялангуяа дамжин өнгөрөх тээврийн зардал өндөр байдаг хүндрэлийг ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, цаашид олон улс, бүс нутгийн эдийн засгийн интеграци болон дэд бүтцийн сүлжээнд нэгдэх, гадаад худалдааны таатай нөхцөлийг бий болгох, зах зээлийг тэлэх нөхцөл бүрдүүлэхэд аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг үйлчилгээний худалдааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг хуралд оролцсон салбарын эрдэмтэд, судлаачид санал, зөвлөмж болгов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна