Үүрэгт ажлаа цаг тухай бүрт гүйцэтгэж, бусдыгаа манлайлах, хамт олонч болгох нийгмийн сайн дурын идэвхтэй олон залуус ажил, амьдралд “өнгө” нэмдэг. Тэдний ачаар байгууллагын уур амьсгал, ажлын бүтээмж, оролцоо, хандлага хүртэл өөрчлөгдөж, олон талт арга хэмжээг зохион байгуулах шинэ санаа, санаачлагууд бий болж, бусдадаа нөлөөлдөг сайхан чанарууд урган гардаг. Хэн ч хий гээгүй байхад хөдөлмөрлөсөөр байх нь тухайн хүний хүмүүжил, боловсролыг илтгэдэг онцлогтой. Ийм олон залуусаас энэ удаагийн nematimes булан ахлах ахлагч З.Алтаншагайг онцолж байна. Тэрээр Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчнээр үүрэг гүйцэтгэдэг юм.
-Би Дорнод аймгийн унаган хүүхэд. Гурван хүүхэдтэй айлын том нь. Хүүхэд насаа хөдөө мал маллаж, хурдан морь унаж өнгөрөөсөн. Зургаан настайгаасаа 14 нас хүртлээ аймаг, сум, улсын уралдаанд морь унаж, олон айраг, түрүүг хүртэж байлаа. Аймгийн “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийг 2010 онд төгсөөд 2011 онд Онцгой байдлын газартаа дагалдан ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн. Улмаар 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Ахлагч” бэлтгэх тусгай мэргэжлийн сургалтын төвд суралцан, төгсөж, Эрэн хайх, аврах салбарт аврагчаар томилогдож, 2020 онд аврагч тэсэлгээчний сургалтад хамрагдсанаар аврагч-тэсэлгээчнээр үүрэг гүйцэтгэж байна.
- Аав, ээжийгээ дагаж, цэргийн ангиар нь их очдог, найзуудынх нь хүүхдүүдтэй тоглодог гээд цэргийн хүмүүсийн дунд өссөн. Хамтдаа тоглож, цэргийн ангийн байранд амьдардаг байсан найзууд маань бүгд л цэргийн хүн болсон. Би ч гэсэн энэ мөрөөдлөө биелүүлснээс хойш 13 дахь жилдээ алба хашиж байна. Цаг, минуттай уралдаж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө ажилладаг хүнд хэрнээ хүндтэй үүргийг биелүүлдэг онцлогтой ажилдаа дуртай. Манай аймгийн хувьд газар нутгийн ихэнх хэсгийг тал хээрийн бүс эзэлдэг учраас хээрийн түймрийн дуудлага, томоохон гол мөрөн, нуур цөөрөм ихтэй учир усны дуудлага зонхилон тохиолддог. Сүүлийн жилүүдэд өндөр барилга байшин ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан ахуйн ослын дуудлага өсөх хандлагатай байна.
-Албанд үүрэг гүйцэтгэснээс хойш 183 удаагийн ой, хээрийн түймэр унтраах ажилд 378 хоног томилогдон ажиллаж, 136 хүний амь нас, 51 айлын гэр, 85 хашаа саравч, мал сүрэг, бэлчээр нутгийг авран хамгаалсан. Мөн Хэрлэн гол, Халхгол, Буйр нуур, Шаазан нууранд осолдсон 52 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн бол цас зудад төөрсөн, сураггүй болсон, боогдсон 39 дуудлагаар 42 автомашиныг татан гаргаж, 112 хүний амь нас аварсан хамгаалсан. Тэсэлгээчин аврагч болсноос хойш сум галт хэрэгслийн 9 удаагийн дуудлагаар ажиллаж, 100 гаруй сум галт хэрэгслийг устгах ажиллагааг зохион байгуулаад байна. Тухайлбал, 2015 онд аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо сумдын нутаг дэвсгэрийг хамарсан ой, хээрийн түймэрт 21 хоног, 2016 онд аймгийн Халхгол сумын Буйр нууранд загасчилж явсан 4 иргэн усанд осолдсон дуудлагаар 20 хоног эрэн хайх ажиллагаанд оролцсон.
-Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл нь 2013 онд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд анхдагч болж байгуулагдсан түүхтэй. Миний хувьд 2020 оноос Ахлагчийн зөвлөлийн гишүүнээр, 2023 оноос хойш зөвлөлийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Ахлагчийн зөвлөлөөс ахлагч бүрэлдэхүүний мэдлэг, ур чадварын дээшлүүлэх урт, богино сургалтад хамруулах, сэтгэл зүйг дэмжих үйл ажиллагааг байгууллагын эмч, сэтгэл зүйчтэй хамтран зохион байгуулах, тэдний нийгмийн баталгааг сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Мөн ахлагч бүрэлдэхүүний дунд төрөл мэргэжлийн болон спортын тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж байна.
-БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 2019 онд оролцож, Монгол Улсын IX ээлжийн батьолоны II мотобуудлагын ротын II салааны II дугаар тасгийн буудагчаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа II мотобуудлагын ротын “Шилдэг ахлагч”-аар шалгарч байлаа. Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Дорнод аймагт зохион байгуулсан “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үеэр өндрөөс аврах ажиллагааны олон улсын бүлэгт аврагчаар оролцож, хамтарсан дадлага хийж, харилцан туршлага солилцсон.
-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Том охин VIII анги, бага маань III ангид сурдаг. Эхнэр Х.Баярмаа Онцгой байдлын газарт бичиг хэрэг, архивын эрхлэгч албан тушаалтай. Гэр бүлийн хүний хамт энэ албандаа ажилладаг болохоор миний ажлыг хамгийн сайн ойлгож, дэмждэг. Өөрийгөө хөгжүүлэх сургалт, дадлагад тогтмол хамрагдаж, бусдаасаа үргэлж суралцдаг. Хийе, бүтээе, болгоё гэсэн сэтгэл байхад бүх зүйл болно доо л гэж боддог доо. Сайхан бүхэн ерөөлтэй учраас бодол, хандлага зөв байвал бүх зүйл биелэлээ олдог.
-Арван жилийн сургуульд байхдаа хөнгөн атлетик, хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан минь бүх спортын эхлэл болсон. Онцгой байдлын албанд ажилласаанс хойш бүх төрлийн спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож байна. Чөлөөт цагаараа хүүхдэдээ хүүхдийн уран зохиолын ном уншиж өгөх дуртай. Цаг баримтлахыг өөрийн зарчмаа болгодог. Энэ дашрамд, Цэргийн гавьяаны одонт Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын хамт олон болон Онцгой байдлын байгууллагын нийт ажилтан, алба хаагч та бүхэндээ ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна