2024/11/23

Агаар бохирдуулах хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан

info@inder.mn
2022/01/10

Агаар бохирдуулах хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг:

- “Агаар бохирдуулах ихэнх бодис буюу хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан. Улаанбаатар хотод 188 мянган айл сайжруулсан түлш хэрэглэж байна. Мөн дулааны станц болон дэд төвүүдэд түүхий нүүрс шатааж байгаа. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна” гэдгийг онцолж байлаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат:


-“Хүхэрлэг хийн агууламж 2021 онд долоо хоногийн дунджаар 164 байсан бол 2022 онд 149 болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна. Азотын давхар исэл 2021 оны долоо хоногийн дунджаар 48, 2022 онд 60 байна. PM 10 тоосонцор долоо хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 байна. Харин PM 2.5 тоосонцор 2021 оны долоо хоногийн дундаж агууламж 83 мкг байсан бол 2022 онд 130 мкг байна” хэмээн мэдээлэв.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул: 

- "Агаар, орчны бохирдол буурахгүй байгаа нь хүний буруутай үйл ажиллагаанаас бас үүдэлтэй байна. Ердийн зууханд сайжруулсан шахмал түлш хэрхэн шатаж байна вэ? гэдэг дээр дүгнэлт гаргуулахаар ажиллаад эхэлсэн. Ердийн болон стандартын зууханд шахмал түлшийг түлэхэд ямар ялгаа гарч байгааг удахгүй танилцуулна. Иргэд маань шахмал түлшээ аль болох уугиулахгүйгээр хурдан асаах нөхцөлийг бүрдүүлж, "Тавантолгой түлш" компаниас өмнө нь өгч байсан галлагааны зааврыг дагахыг уриалж байна. Зуух, ханан пийшиндээ зай завсар гарсан эсэхийг хянаж байгаарай. Иргэд өөрсдөө санаачлаад угаарын хий гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлээч" хэмээв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна