2024/11/25

​“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

info@inder.mn
2023/01/05

Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгаж, шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлхийн улс төр, эдийн засагт “тектоник шилжилт” үүсээд байгаа энэ цаг үед гадаад, дотоод нөхцөл байдлаас амаргүй сорилтуудтай тулгарсан нэгэн оныг үдэж, шинэ 2023 онтой золголоо.

Нэг талаасаа бэрхшээл, сорилтууд бий ч шинэ боломж ч нээгдэж таарна. Энэ боломжийг цаг алдалгүй ашиглаж, ирээдүйг зорьсон шинэ алхмуудыг  хийх түүхэн цаг үе тохиож байна. 

Тиймээс улс орны хэмжээнд нэн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, оновчтой, шуурхай шийдэх гарц, гаргалгааг олох зорилгоор “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар Улсын Их Хурлаас шийдвэрлэж, тогтоол гаргасан. Нэг үгээр хэлбэл, тулгамдсан асуудлуудыг “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардын зарчмыг баримталж шийдвэрлэхээр зорьж байна. Үүний тулд эрдэмтэн судлаачид, ард иргэд, иргэний нийгмийнхэн, улс төр, бизнесийн хүрээнийхэн гээд нийт нийгмийн зөвшилцлийг хангаж, асуудлаа шүүн хэлэлцэх нь зүйтэй гэж бид үзсэн юм.

Улс төр, засаглалын тогтолцооны гажуудал, төрийн албаны чадавхын сулрал, төрд алба хаагчдын хариуцлага, ёс зүйн доройтол нийт нийгмийг хамарсан эмзэг асуудал болоод байна. Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэг, нийгмийн тэгш бус байдал, орлогын болон амьдралын түвшний эрс ялгаа, ажилгүйдэл, ядуурал ард иргэдийг бухимдуулж байна. Эдийн засгийн оновчгүй бодлого, хэт төвлөрөл, орчны бохирдол, замын түгжрэл гэх мэт олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг засаж сайжруулах цаг нэгэнт болсон.

Олон суурь болон дагавар асуудлууд байгаа боловч цөм түлхүүр асуудлыг олж, тодорхойлж байж асуудлыг шийдвэрлэх нь зөв зүйтэй. Хөгжлийг гацааж, ирээдүйг сүүдэртүүлж, иргэдээ бухимдуулж буй эдгээр гаж үзэгдлийг “цэвэрлэх”-гүйгээр  цаашаа явах аргагүй нь нэгэнт тодорхой болжээ.

Ардчиллын үнэт зүйл, хүсэл тэмүүлэл бол бүх ард түмний үзэл бодол, дуу хоолойн илэрхийлэл юм. Гэхдээ гурван сая иргэн нэгэн дээвэр дор цуглаад бүх асуудлын талаар тэнцвэртэй мэдээлэлтэй болоод асуудлыг шийднэ гэдэг хүндрэлтэй. Иймд ард түмнийг төлөөлж чадахуйц түүврээр, эрдэмтэн, судлаачдынхаа саналд тулгуурлан зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тиймээс зөвлөлдөх санал асуулгын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү бага хурлаар:

1.улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд;

2.хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл;

3.төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах нь;

4.баялгийн сан, шударга, хүртээмжтэй хуваарилалт гэсэн 4 багц сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, 4 салбар хуралдаанаар тал бүрээс нь шүүн ярилцах болно. Хурлын гол зорилго нь Та бүхний санал, бодлыг аль болох өргөн хүрээнд сонсож, ард түмэнтэйгээ зөвлөлдөх асуудлын хүрээг тодруулахад чиглэж байгаа юм. Одоо би хэлэлцэх гол сэдвүүдийн талаарх санаа бодлоо Та бүхэнтэйгээ товчхон хуваалцъя.

Нэгдүгээрт, улс төр, засаглалын асуудал.

Энэ хүрээнд өнгөрсөн 30 гаруй жилд олсон ололт, хуримтлагдсан алдаа аль аль нь бий. Ардчилсан тогтолцоо, ардчиллын үнэт зүйл бэхжсэн, улстөрийн хүрээнд ахиц дэвшил гарсан боловч, эдийн засгийн хувьд орлогын тэгш бус байдал, ёс суртахууны доройтол, ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудлууд өнөөдрийн “тектоник шилжилт”-ийн үед улам тодрон, нийгмийг бухимдуулж байна.

Улсын Их Хурлын хувьд “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл”-ийн хөтөлбөрийг боловсруулан, үүний хүрээнд арван багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг багц нь 2019 oны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн амилуулж, хэрэгжүүлэх асуудал юм.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 02 дугаар тогтоолыг 2020 онд баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 30 гаруй томоохон хуулийг шинэчлэн батлахаар тусгаснаас 13 хууль батлагдаагүй байна. Тухайлбал, төрийн эрх мэдэл хоорондын хяналт, тэнцлийг бэхжүүлэх, парламентын ардчилал, ард түмний засаглах эрхийг баталгаажуулахад нэн чухал ач холбогдолтой Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд одоо болтол өргөн мэдүүлээгүй байна.

Манай улс төрийн намууд хэсэг бүлгийн алба тушаал өгсөх шат, эрх мэдлийн төлөө ил далд хуйвалдах үүр, авлига, ашиг хонжоог тэтгэгч хэрэгсэл болсон гэж олон нийт, судлаачид дүгнэж бичиж байна. Иймээс өнөөдрийн улс төрийн намуудын хагарал зөрчил, туйлшрал, нийт ард иргэдээ төлөөлөх чадвар, нэр дэвшүүлэлтээс эхлээд сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоо зэргийг шинэчлэх нь бусад суурь асуудлыг шинэчлэх эх сурвалж болох юм.

Улс төрийн намууд зөвхөн нутаг, дэвсгэрийн төлөөллийн зарчмаар бус эрдэмтэн, судлаачид, багш, эмч, малчин зэрэг мэргэжил, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг оролцуулж эргэх холбоотой хамтарч ажилладаг хөгжингүй орнуудын туршлага байна. Сонгуулийн тогтолцоо маань улс орны биш, нэг тойргийн, нэг гишүүний эрх ашгийн илэрхийлэл болж, иргэд сонгогчдын саналыг гээдэг, хэн мөнгөтэйд, эсвэл илүү “попорч” чаддагийг өөгшүүлэх хөшүүрэг болсон нь эргээд ард түмний засаглах эрхийг хөсөрдүүлэхэд хүргэж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Улс төрийн тогтолцооны иж бүрэн шинэчлэлийн асуудлаар эрдэмтэн судлаачид, ахмадуудаас олон санал гарч байна.

Эцсийн дүндээ их ард түмнээ төлөөлөн, олуулаа хэлэлцэж хууль, шийдвэр гаргадаг, иргэдийнхээ нүдэнд үйл ажиллагаа нь илүү ил тод байдаг парламентын засаглалаасаа бид ухрахгүй нь мэдээж. Цаашид сонгодог парламентын засаглалыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх зайлшгүй шаардлага бий.

Хоёрдугаарт, хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл.

Олон нийтийн санаа бодол, судалгааны дүнгээс үзэхэд төрийн нэр хүндийг унагаж, төрийн албаны чадавхыг сулруулж, улмаар иргэдийн төрдөө итгэх итгэлийг үгүй хийж буй үндсэн шалтгаан нь сахилга хариуцлагын тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ алдагдсантай холбоотой гэсэн дүгнэлтийн судлаачид маань тавьж байна.

Хариуцлагын тогтолцоо хуулийн, улс төрийн, ёс зүйн хэм хэмжээнд суурилах ёстой. Гэтэл манайд төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд бүх шатны төрийн албан хаагчид, төрийн өмчит компани, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны улс төрийн болон ёс зүйн хариуцлагын нэгдмэл тогтолцоо үндсэндээ үгүй болжээ. Батлан гаргасан хууль тогтоомж цөөнгүй боловч хууль сахиулах байгууллагууд өөрсдөө хуулиа зөрчдөг, улс төрөөс хараат бусаар ажиллаж чаддаггүй, алба тушаал, эрх мэдэл, өнгө мөнгөний хүчин зүйл үйлчилдэг, тэр ч бүү хэл захиалгаар хэрэг үүсгэн, шийддэг зэрэг ёс бус үйлдэл нь хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх язгуур зарчим хөсөрдөхөд хүргэж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байна. Ийм хэргийн цаадах мөнгөний хэмжээ саяар биш тэрбумаар, их наядаар яригдах болов. Олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийг шийдэж, хариуцлага тооцох үйл явц удаан, гарсан шийдвэр нь учруулсан хохиролтойгоо дүйдэггүй байдал иргэдийн бухимдах нэг шалтгаан болсоор байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чанга байх ёстой гэж үзэж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнчлэн ёс зүй, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй, тогтвортой тогтолцоо бий болгох цаг болсон гэж үзэж байна.

Улс төрийн намын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар сайн засаглалын зарчмыг нэвтрүүлж, улс төрөөс хараат бус байлгах нь хариуцлагыг бэхжүүлэх чухал алхам болно.

Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж, товчлон хэлбэл хууль засаглаж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Өөрөөр хэлбэл, хууль иргэндээ ялгаваргүй тэгш, шударга үйлчилдэг зарчим, буруу үйлдэл хийсэн бол хариуцлага гарцаагүй байх зарчим хэрэгжиж байж ард түмний шударга ёсны хүсэмжлэлд бид бодит хариу өгөх боломжтой.

Гуравдугаарт, төвлөрлийг бууруулж, түгжрэлийг сааруулах асуудал.

Сүүлийн 20 гаруй жил бид бүсчилсэн хөгжлийн тухай, төвлөрлийг сааруулах талаар ярьсан. Бодлого шийдвэр, хөтөлбөр төлөвлөгөө ч олныг ч баталсан. Гэвч бодитой хэрэгжиж, үр дүнд хүрсэн нь цөөн байна.

Орон зайн төлөвлөлтийн талаарх орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж, үндэсний хэмжээнд үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадаагүйн улмаас Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувь болох нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байна. Хот хөдөөгийн ялгаа ихсэж, Монголын хөдөө эзгүйрэх хандлага үргэлжилсээр өнөөг хүргэлээ.

Хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, авлигажсан эмх замбараагүй газар олголт, дэд бүтцийн даацын хэтрэлтээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдол иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, бухимдлын томоохон шалтгаан болж байгаа.

Зөвхөн Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлээс болж алдагдсан боломжийн өртөг жилд 3.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоногийг түгжрэлд өнгөрөөж, ажил алба, үнэт цагаа алдаж, хохирч байна.

Энэхүү ТҮГЖИГЧ хүчин зүйл, хөгжил дэвшлийг гацаасан ЦООЖ-ийг бид орон зайн шинэ төлөвлөлтөөр хэрхэн тайлах, хууль, эрх зүй, бодлогын ямар хөшүүрэг хэрэглэх, түүнийг ямар эрэмбэ дараагаар, хэрхэн амилуулах асуудлаар өнөөдрийн хурлаас олон шинэ гарц, шийдэл гарна гэдэгт найдаж байна.

Дөрөвдүгээрт, баялгийн сан ба шударга, хүртээмжтэй хуваарилалт.

Өрхийн болон нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс үзэхэд манай улсын бага хэрэглээтэй бүлгийн иргэдийн хэрэглээ, өндөр хэрэглээтэй бүлгээс 5 дахин бага байна. Энэ бол орлогын ялгааны бодит тоон үзүүлэлт. Ядуурлын түвшин бодитоор буурсангүй.

Ард түмний мэдэлд байж, түүнээс олох орлого нь улсын хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулагдах ёстой газрын хэвлийн баялаг цөөн хүний мэдэлд байж, нийт ард иргэдэд хүртээмжгүй байгаа нь өнөөдрийн бухимдлын нэг суурь шалтгаан болж байна. Нийгэм хэт баян цөөнх, ядуу болон ядуурал руу гулсаж буй олонх гэсэн хоёр бүлэгт хуваагдах хандлага сүүлийн жилүүдэд эрчимжлээ. Улс орны хөгжлийн гол тулгуур болдог дундаж давхарга нэмэгдэх боломж хязгаарлагдмал байсаар байна.

Орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл ядуурлын өөр бусад шалтгаанууд ч бий. Тухайлбал, өнгөрсөн 30 жилд аж үйлдвэржилтийн бодлого үндсэндээ орхигдсон. Үр дүнд нь ажилгүйдэл нэмэгдсэн, өрхийн орлого буурсан.

Уул уурхайн салбараас хэт хамааралтай болж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэхгүй, цөөн нэрийн ашигт малтмалд түшиглэсэн хэвээр удлаа. Боловсруулах үйлдвэрлэл хөгжсөнгүй. Бидэнд хамгийн ойр байгаа малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг дэмжих дорвитой бодлого, даацтай үйл ажиллагаа хэрэгжүүлж чадсангүй. Энэ мэт олон шалтгааныг нэрлэж болно.

Баялгаараа дэлхийд дээгүүрт ордог, үржил шимт, өргөн уудам нутагтай, 71 сая гаруй малтай, 3.4 сая гаруйхан хүн амтай улс орон өнөөдөр яагаад ийм байдалд орчхов оо? гэдэг асуултыг олон түмэн төр засагтаа зүй ёсоор тавьж байна. Үүний хариултыг бид өгөх ёстой.

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж ард түмэндээ тэгш, шударга хүртээх зарчмыг тодорхойлсон. Гэтэл Үндэсний баялгийн сангийн тухай  хуулийн төсөл гурван жил өнгөрчхөөд байхад өргөн баригдсангүй.

Монгол хэрвээ байгалийн баялаг ихтэй юм бол баялгийн сантай байх ёстой. Тэр нь хөгжлийг тэтгэх нэг хөшүүрэг болох ёстой. Баялгийнхаа өгөөж хишгийг ард түмэн тэгш, шударга хүртэх учиртай. Дэлхийн жишиг ийм. Энэ жишгээр л бид явах ёстой. Өөр зам гэж байхгүй. Энэ замыг ил тод, тэгш шулуун болгох аргыг олцгооё.

Эрхэм эрдэмтэн судлаачид аа,

Ардчилсан ёсны амин сүнс болсон иргэдийнхээ нийтлэг хүсэл эрмэлзлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тооцоолж, нэгтгэн дүгнэж, төрийн бодлого болгон амьдралд хэрэгжүүлэх нь Шинэ сэргэлт, хөгжлийн зорилгын чухал шаардлага, ард түмний засаглах эрхийг хангах эрмэлзлийн тулах хүч мөн.

Тиймээс улс төр, нийгэм, эдийн засагт тулгарч буй “цөм” буюу үндсэн асуудал, түүнээс урган гарч байгаа “дагавар” асуудлууд ялгаа заагтай ч тэдгээрийг хамтад нь авч үзэж, шинжлэх ухаанч арга зүйгээр хандах хэрэгтэй байна. Үүссэн хүндрэл бэрхшээлээр илүү тод илрэн гарч буй олон асуудлыг нөхцөлдүүлж буй “цөм” асуудал нь нийгэм, эдийн засаг, улс төрийн ямар учир шалтгаантай байгааг эхэлж тогтоосноор “дагавар” асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх эрэмбэ дараалал тодорхой болно.

Та бүхэн улс орныхоо сэргэн мандлын зүг чигийг тодорхойлох хүндэт хариуцлага ногдож буйг ухамсарлан, ард түмэнтэйгээ “Зөвлөлдөж шийдэх” чухал асуудлуудын оньсыг нээх эрхэм үүрэг хүлээж байгаагаа сайтар ойлгож, хуралдаа идэвхтэй, санаачилгатай, ажил хэрэгч оролцоно гэдэгт итгэж байна.

            



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна