"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт өнөөдөр үдээс өмнө Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвээр хэлэлцэж байна. Нэгдсэн хэлэлцүүлгийн асуулт, хариулт үргэлжилж байна. 20 дугаар хэсгээс “Уул уурхайн орлогыг бүтээн байгуулалтад зарцуулахыг дэмжиж байна. Хэрвээ бүтээн байгуулалтад зарцуулвал зээлийг сангаас олгох уу, өөр газраас олгох уу? Хөгжлийн банкны зээл дээр цар тахлын үед хүү тооцож байснаас болоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Хүүг нь бүтээн байгуулалтын хугацаанд биш, хойшуулах боломж байгаа юу” гэсэн асуултыг оролцогчид тавив. Эксперт, Байгалийн баялгийн засаглалын менежер Н.Дорждарь “Баялгийн санг бид олон жил ярьж байна. Энэ нь хоёр хэлбэр байдаг. Уул уурхайн орлогыг хуримтлуулж хөрөнгө оруулалт хийдэг. Нөгөө нь тодорхой төсөлд санхүүжилт хийдэг. Сан гэдэг нь цуглуулсан мөнгөө арвижуулах ёстой. Хэрвээ ямар нэг зүйлд зарцуулсан тохиолдолд цаашдаа эргэн төлөгдөх үү. Сангууд Монгол Улсдаа биш гадаадад хөрөнгө оруулалт хийдэг хэсэг бий. Нөгөө хэсэг нь дотооддоо хөрөнгө оруулалт хийдэг. Мөнгийг дотооддоо шингээх чадавхиа бодох хэрэгтэй. Баялгийн сан дээр хяналт хамгийн чухал. Тухайлбал, Норвегийн санд хөрөнгийг хаана, хэрхэн зарцуулсан нь сайт дээрээ ил тод байршиж байдаг” хэмээн хариулав.
Их, дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх нь зөв
25 хэсгээс Орхон аймгийн оролцогч Ц.Шугарсүрэн “Мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр яасан бэ? Их, дээд сургуулиудыг хөдөө, орон нутагт шилжүүлснээр Улаанбаатарын төвлөрөл саарах уу?” гэсэн асуулт тавилаа. Үүнд эксперт, доктор М.Алтанбагана ”Мал аж ахуйн салбарыг боловсруулах үйлдвэр Дарханд Засгийн газрын тогтоолоор хийгдэж байна. Их, дээд сургуулиудыг Засгийн газрын тогтоолоор Дархан, Орхон, Өмнөговь аймгуудад шилжүүлнэ. Улаанбаатарт хотод 10 хүн тутмын нэг нь оюутан байна. Хөдөө, орон нутгийн төгсөх ангийн хүүхдүүдийн 60 хувь нь Улаанбаатар хотод ЕБС төгсдөг. Их, дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх нь зөв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нэг арга.
Орон нутагт Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц эдийн засаг босгох хэрэгтэй
18 дугаар хэсгийг төлөөлж Хан-Уул дүүргийн 17 хорооны иргэн, оролцогч Б.Лхагвасүрэн “Залуус гадагшаа гарч ажиллаж байна. Орон нутагт ажиллах боломж байна уу” гэсэн асуулт тавилаа. Үүнд доктор эксперт М.Алтанбагана “Төвлөрлийг сааруулна гэдэг бол бүс, орон нутгийн хөгжүүлнэ гэсэн үг. Төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гол татах хүч болно. Үүн дээр ипотекийн зээл, цалингийн зээл нэмэгдэнэ. Орон нутагт Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц эдийн засгийг босгох хэрэгтэй. Ингэж байж залуус татагдана хэмээн хариулав.
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд иргэдийн саналыг авах хэрэгтэй
14 дүгээр хэсэг, Баянхонгор аймгийн Рашаант багаас оролцогч Чимгээ “Манай багийнхан төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцлээ. Мянгаас доош хүн амтай 19 сум байдаг байна. Төвлөрлийг сааруулах хүрээнд энэ 19 сумын асуудлыг хэрхэн шийдэх вэ” гэсэн асуулт байна. ХЭҮК-ын гишүүн Б.Сүнжид “Үндсэн хуулийн 57.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийг нэгтгэх бол иргэдийн санал авна” гэж заасан байдаг. Хөдөө орон нутаг эзгүйрлээ, хот руу шилжиж байна гэж ярьсаар ирсэн. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд иргэдийн саналыг авч энэ асуудлыг шийдэх ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын хуулиар УИХ-аас журам гаргахаар заасан байдаг. Таван аймаг, Улаанбаатар хот өөрийн орлогоо төвлөрүүлж чадаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна