2024/11/25

Тэртээд ёлтойх шударга ёс

info@inder.mn
2023/03/31

Т.БАТСАЙХАН

"Хуучин 30 жил нуран унаж байна" гэж хаа сайгүй ярих болжээ. Энэ цаг хугацаанд хөгжиж дэвжсэн тогтолцоо хүнтэйгээ, авлигатайгаа "хөдөлж" эхэлжээ. Энэ нь ч мэдрэгдэж л байна.

Ингээд бужигнаад ирсэн чинь "Бид ямар нийгэмд амьдарч ирсэн юм бэ" гэдгээ илүү тод ойлгоцгоолоо.

Ер нь бидний монголчууд  "хуучин 30 жил"-дээ бүр дасал болчихсон байжээ. Мэлхийг эхлээд хүйтэн усанд хийдэг. Тэгж дасгаж байгаад галыг нь аажмаар нэмсээр ус буцалж, мэлхий шалзарч үхдэгтэй л ижил аж. Өөрөөр хэлбэл, "Авлига байх л зүйл. Би өгч, дарга, албан тушаалтнууд авах ёстой" гэдэгтээ бүр дасал болчихсон.

Одоо яригдаад, ил тод болсоор байгаа баялгийн том хулгайг "Харалгүй, сонсолгүй, мэдэлгүй" явсаар өнөөдрийг хүрэв. Эцэст нь улс улайсан данстай, газар нутаг цөлжсөн, онгойсон нүхнүүдтэй, иргэд хоосон халаастай хоцрохдоо тулсан. Яг л буцалж буй усан дахь мэлхий шиг болж орхижээ.

Тэр байтугай, эмчид очиж, мэс засал хийлгэвэл "Баярлалаа" гэдэг нэрээр гар цайлгах ёстой. Төрийн албанд орвол түргэн хөлждөг дүрэмтэй. Сардаа сая төгрөгийн цалинтай ч тэрбум тэрбумын хауст тухална. Эрхэм гишүүн болох юм бол энгүй баяждаг номтой. Улсын төсөв ч, байгалийн баялаг ч эрхэм гишүүнийх болно. Төрийн бүтээн байгуулалтад хүртэл "дабль стандарт" тогтчихсон. Хууль хяналтын байгууллагын оффис гэж хааны харш шиг барилга гэрлийн хурдаар босдог. Хөөрхий, эмнэлэг сургууль болохоор жилийн жилд "царцаж" орхидог.

Шүүх гэхэд л эрхтэн дархтануудад зөөлөн, энгийн иргэдэд хатуурхдаг. Улс төрийн намууд нь сонгууль бүрээр "Шударга ёс" гэж лоозогнодог. Гэвч зүгээр л ингэж "хий" гаргаж аргалдаг. Ерөөсөө л шударга бус 30 жилийг бид өнгөрөөсөн байгаа юм. Тиймээс бидний "Алтан дээр суусан гуйлгачин" гэдэг нэр "хуучин 30 жил"-д олон улсад улам дуурслаа. Үнэхээр ч байгалийн баялгийн дийлэнх нь цөөхөн хүний мэдэлд оччихсон. Төрд үлдсэнийг нь "нөгөө хэд" маань сааж амьдарна. Тэгээд бас бид чинь "Муухай дээрээ улцан" гэдэг шиг үйлдвэрлэгч биш зүгээр л хэрэглэгч улс юм. Хойд хөрш бензиний крантаа, урд хөрш хилийн боомтоо хаахад л Монголын амьдрал "0" зогсолт хийнэ.Харин нийгмийн өчүүхэн хэсэг болсон хэдхэн хүн "үрээгээ тоолохооргүй" баяжиж гадаад далайд арал худалдаж авах хүртлээ Монголыг цөлмөв.

"Хуучин 30 жил"-ийн дүн ийм л байна.

Уг нь шударга ёс гэдэг маань төр хийгээд нийгмийг түшиглэсэн хүндэтгэл, тэгш байдал эрх чөлөө юм. Албан ёсны утгаараа шударга ёс гэдэг нь эрх бүхий байгууллагуудаар дамжуулан нийтийн эрх ашгийг хөндсөн үйлдэл, эс үйлдэхүйг дарангуйлж, хүндэтгэлгүй хандах үед төрөөс зааж, хэрэгжүүлж, хориг арга хэмжээ авдаг кодчилсон хэм хэмжээг хэлдэг.

Харин өнөөдөр өнөөх шударга ёсны гэрэл тэртээд жаахан ч гэсэн ёлтойж байна. Хаалганы завсар шиг хариугүй зайгаар үзэгдэж эхэллээ. Тэгэхээр шударга ёсны хаалгыг цэлийтэл нээх л хэрэгтэй юм. Гэхдээ энэ хаалгыг нээхэд маш их эрсдэл гарна. Эр зориг хэрэгтэй. Цаг хугацаа ч шаардана. Үүний нэг жишээ гэж болохуйц үйл явдал сүүлийн хэд хоног үргэлжлэв. Ерөнхий прокурор нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа гурван гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан. УИХ өчигдөр эцэслэв. Гишүүд хууль тогтоох эрх мэдэл буюу парламентын засаглалыг хамгаалах талд зогслоо. Гэхдээ хаалттай чуулганаар гишүүдийн 53 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, чуулган тарсны дараа  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсчид МАН-д ч, АН-д ч ямар гүнзгий орсныг харлаа. Авлигын эсрэг тэмцэл амар байхгүйн том нотолгоо боллоо. Хэн хэн хаана байгааг ч мэдэж авлаа. Таамаглаж байснаар болж байна. Тэмцлээ улам эрчимжүүлж, эцсээ хүртэл явна" гэжээ.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд "Тэмцлээсээ сөөм ч ухрахгүй" гэж олон удаа хэлсэн. 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна.

"Эрдэнэт"-ийн 49 хувь, Оюу Толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, "Эрдэнэс Тавантолгой" дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна. Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна. Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ" гэж байв. Үүний учир нь түүнийг "ордон"-ы гаднаас олон нийт л илүүтэй дэмждэг гэсэн үг.

Тиймээс цухалзан ёлтойж буй шударга ёсны  хаалгыг буцаагаад хаавал Монгол Улс, монголчууд бид "хуучин 30 жил"-дээ л үлдэнэ. Үлдэх ч биш, ирээдүйгээ хэдхэн хулгайчид тонуулсаар дуусна. Яг л буцалж буй усанд чануулах мэлхий мэт л болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна