Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос Гашуунсухайт боомтын суурьшлийн бүсэд ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, тээвэрчид, төрийн албан хаагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг зохих түвшинд нь шийдвэрлэхээр зорин ажиллаж байна.
Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлийн бүсийн Тайван зогсоолд өнөөдөр /2023.03.31/ Хурдан төрийн үйлчилгээний цэгийг нэвтрүүллээ. Ингэснээр 20 гаруй мянган жолооч 400 гаруй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээнээс авах боломж бүрдэж буй юм.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр, Өмнөговь аймгийн удирдлагуудын үйл ажиллагаа, Гашуунсухайт боомтод ажиллаж буй төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, мөн эрдэс баялгийн бүтээгдэхүүн олборлогч, экспортлогч аж ахуй нэгжүүд, тээвэрчдийн хүчээр өнгөрсөн оны нийт экспорт өмнөх жилээс 35.7 хувиар өсчээ. Энэ нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт өмнөх оноос 36.4 хувиар нэмэгдсэн амжилттай байлаа.
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ он гарсаар нүүрсний нийт экспортын 56 хувийг Гашуунсухайт боомт, 22 хувийг Шивээхүрэн боомт эзэлж, Өмнөговь аймгийн авто замын хоёр боомт нүүрсний экспортын 78 хувийг дангаараа бүрдүүлжээ. Нийт экспортын 93.7 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, үүнээс 56 хувийг нүүрсний экспорт бүрдүүлж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь хилийн боомтууд тэр дундаа Гашуунсухайт боомт нь Монгол Улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой гадаад худалдааны томоохон боомт юм. Өнөөдрийн байдлаар Тавантолгой бүлэг ордоос Гашуунсухайт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа эрхэлж буй 400 гаруй аж ахуйн нэгжийн 22.3 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс богинын тээвэрт 7.8 мянган тээврийн хэрэгсэл бусад нь дундын болон бусад тээвэрт оролцдог байна.
Боомтын үйл ажиллагаатай уялдуулан Цагаан хад суурьшлийн бүсийг түшиглэн 2000 орчим байнгын оршин суугч, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн 20 гаруй мянган ажилтан, тээврийн жолооч нийт 22 мянга гаруй хүн ажиллаж амьдардаг байна.
Төрийн нэг цэгийн үйлчилгээг нээн УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа “Гашуун сухайт хилийн боомтод хүн амын томоохон суурьшил үүссэнтэй холбогдуулж, бүс нутгийн төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд ойртуулах, нэг дороос түргэн шуурхай үйлчилгээ авах зайлшгүй хэрэгцээ үүссэн.
Гашуунсухайт боомтыг түшиглэн 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн харьяалал бүхий иргэд ажиллаж, амьдарч байгаа бөгөөд өмнө нь тус тусын харьяалал бүхий газраасаа төрийн үйлчилгээг авах шаардлага үүсч, нэн хүндрэлтэй байсан. Харин одоо Монгол Улсын Засгийн газрын хот хөдөөгийн сэргэлт, боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтод анх удаа төрийн нэгдсэн үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломж бий болж байна.
Энэ төв ашиглалтад орсноор Цагаанхад суурьшлийн бүсэд ажиллаж амьдарч буй иргэд төрийн үйлчилгээ авахаар төв, орон нутаг явах шаардлагагүй. Нэг дороос төрийн бүх үйлчилгээг авах боломж бүрдлээ.
Боомтын сэргэлтийн бодлогын ажлын хүрээнд хилийн боомтуудад хийгдэж буй шинэчлэлт, цахимжилт, бүтээн байгуулалтын ажлуудад ихээхэн ач холбогдол өгч байгаа төдийгүй гадаад худалдааг дэмжих, хил орчмын бүс нутгийг хөгжүүлэх, оршин суугчдын амьжиргааг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна