Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ.
Төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувь нь дэмжсэн.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас 2022 оноос 12 дугаар сарын 30-ны өдөр болон Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсныг танилцуулгадаа дурдлаа.
Мөн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан нэг санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнийг онцлон тэмдэглэв.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн энэхүү хуулийг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцсон, эсэх болон хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг чангатгасан талаар лавласан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Авлигатай тэмцэх газар энэ хүрээнд 2022 онд 653 албан тушаалтантай холбогдох гомдол, мэдүүлгийг хүлээн авч, 37 албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн. Цаашлаад уг төсөлд хууль зөрчсөн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан хэмээн Ажлын хэсгээс хариулж байлаа.
Мөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсны дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна