2024/11/23

АНУ, БНХАУ хоорондын худалдаа болон экспортын хяналтын асуудлаар яриа хэлэлцээгээ сэргээв

info@inder.mn
2023/08/30

АНУ болон БНХАУ-ын хоорондын хүйтэрсэн харилцааг сэргээхэд чиглэсэн хүчин чармайлтын хүрээнд АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо энэ өдрүүдэд урд хөршид айлчилж байна.

Тэрбээр өчигдөр Бээжинд Хятадын ижил зиндааны сайд Ван Вэнтаотой уулзалт яриа хэлэлцээ өрнүүлсэн байна.

АНУ-ын Худалдааны сайдын энэ удаагийн айлчлал төдийлөн онц гойд үр дүн авчрахгүй гэж шинжээчид дүгнэж байгаа ч хойшид тодорхой дэвшил авчрах зарим нэг тохиролцоог хоёр тал байгуулж чадлаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, хоёр улсын худалдаа, арилжаа, хөрөнгө оруулалтын салбар хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн ажлын хэсэг шинээр байгуулахаар болжээ.

Эдийн засаг, худалдааны чиглэлээр гол өрнөсөн яриа хэлэлцээний дүнд хоёр тал хоорондоо мэдээлэл солилцооны шинэ сувгууд бий болгохоор тохирч байна.

Олон улсын хэвлэлүүд үүнийг Америкийн сайдын айлчлалын эхний өдрийн гол ололт хэмээн ярьж, бичиж байна. Хятад, АНУ хооронд эдийн засаг, худалдааны салбарт илэн далангүй, үр бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлага байгааг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулж байгаа холбоо харилцааны шинэ суваг нь хоёр тал тус бүрийн экспортын хяналтын систем, тэдгээрт холбогдох хууль тогтоомжийг харилцан тайлбарлан таниулж, басхүү харилцаагаа сайжруулахад тус дөхөм үзүүлэх учиртай гэж CGTN-ий мэдээнд дурдсан байна.

Худалдааны дэд сайд нарын түвшинд байгуулагдаж байгаа энэ ажлын хэсэг хоёр улсын бизнесийн хүрээний асуудлаар жилд хоёр удаа хуралдах юм байна.

Эхний хуралдаан нь өчигдөр Бээжинд болсон бол, удаахыг ирэх оны эхээр Вашингтонд хийхээр товложээ.

Хоёр улсын Худалдааны сайд Ван Вэнтао, Жина Раймондо нарын тухайд мөн жилдээ нэгээс доошгүй удаа уулзаж, тогтмол харилцаатай байхаар тохирсон байна.

Хятадын сайд уулзалтын үеэр, Хятадын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулсан, хагас дамжуулагчтай холбоотой болон хоёр талын хөрөнгө оруулалтыг хязгаарласан Вашингтоны бодлого Хятадын үйлдвэрлэгчдийг хоригт өртүүлж байгаа зэрэг асуудлыг хөнджээ.

Мөн Хятадаас харилцаагаа таслах хүсэлгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа АНУ “ам ажлаа нийлүүлэх ёстой” гэдгийг Хятадын сайд цохон хэлсэн байна.

Америкийн сайдын зүгээс харилцаагаа илүү “тогтвортой” байлгах чиглэлд анхаарч байгаагаа мэдэгдэхийн хамтаар, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд дээр АНУ-ын албаныхны зүгээс буулт хийх бодолгүй гэдгийг мөн мэдэгдсэн байна.

АНУ-ын тал өнгөрсөн оны аравдугаар сараас Хятад руу сүүлийн үеийн дэвшилтэт хагас дамжуулагч нийлүүлэхийг хязгаарлах журам нэвтрүүлсэн. Харин Хятадын тал энэ сарын эхээр, галлии, германии зэрэг хагас дамжуулагч үйлдвэрлэлийн чухал түүхий эд болдог металл экспортлохоо зогсоож байгаагаа зарласан юм.

АНУ-ын Худалдааны сайдыг өчигдөр Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чан хүлээн авч уулзсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна