УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь аймагт алга болсон 12 настай охинтой холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр:
-Хэлэлцэх асуудалтай холбогдуулан маргаашийн хуралдаанаар хүүхдийн эрхийг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татах боллоо. Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарах боллоо. Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж байна, бусдад дээрэмдүүлж байна. Гэр бүл болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо угаартаж байна. Хүүхдийг элдэв хэлбэрээр хүчирхийлэх, гадуурхах, хүний наймаанд хүртэл хил гаргаж байна.
Өчигдөр мэдээлэгдсэнээр хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд нь хүрээгүй хүүхэд хохирсон байна. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай охин алга болоод бүтэн хоёр хонож байна. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна. Энэ бол эмгэнэлт явдал шүү.
Сүүлийн арван хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд явган хүний гарцан дээр машинд дайруулсан, Дорнод аймагт 7 настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартсан, энэ сарын 2-нд орон сууцны хотхоноос есөн давхараас 7 болон 5 настай хүүхэд унаж амиа алдсан, гарцан дээр ээж хүү хоёр дайруулсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа.
Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа өнөөдрийг хүртэл олоогүй 20 хүүхэд байна. Улс даяар айдас түгшүүр мэдрүүлж байгаа гэмт хэргүүдийг томчууд ялангуяа төр засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй.
Монгол хүүхдүүд гэмт хэргийн золиос болох ёсгүй.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.
Нийслэл, аймаг, дүүргүүдийн камержуулалт, сургуулийн орчны камержуулалтад улсын төсөв зарцуулчихаад энэ ажлууд яагаад хэрэгжихгүй байгаа юм.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд элссэн. 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль баталсан. 2016 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталсан. Монгол хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг дэлхий дахинд, улсынхаа иргэдийн өмнө хүлээсэн байгууллагуудын нэрс тодорхой байгаа. Шулуухан хэлэхэд холбогдох байгууллагууд энэ үүргээ маш муу хэрэгжүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна