Израил улс бямба гарагийн үүрээс эхэлсэн Хамас-ын зэвсэгт дайтагчдын гэнэтийн халдлага дайралтын хариуд өргөн хүрээтэй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Газын зурвастай залгаа хилээ бүрэн аюулгүй болгосон, одоо хил орчмын бүсээс Израил иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил явуулж байгаа талаараа Израилын цэргийнхэн мэдэгдэж байна. Мөн Газын зурвасын нутаг руу урьд шөнийн туршид агаараас довтолж 200 гаруй байгууламжид цохилт өгчээ. Улмаар хоёр талаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр, сүүлийн мэдээгээр 1600-г даваад байна. ХАМАС-ын халдлага дайралтын улмаас Израилд амь үрэгдэгсдийн тоо 900-аас давсан байна. Мөн Израилын хүчнийхний Газын зурвасын нутагт өгч байгаа агаарын цохилтуудад 788 гаруй хүний амь эрсдэж 4000 гаруй хүн шархадсан тухай Палестины эрх баригчид мэдээлсэн байна. Тэрчлэн Израилын эрх баригчид 300 мянгаад нөөц цэргүүдийг цуглуулсны дээр 2,2 сая хүн амтай Газын зурвас руу хүнс, ундны ус, хий гээд бүх хангамжийг бүрэн зогсоосон байна.
НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнуудын мэдээлж байгаагаар Палестины 187 мянгаад оршин суугчид Газын зурвас дахь гэр орноосоо дайжсан, 137 мянга гаруй нь сургуулийн 84 байранд толгой хоргодож байгаа юм байна. Газын зурвас дахь Палестины эрүүл мэндийн яамны зүгээс нас барагсад болон шархдагсдаар дүүрсэн эмнэлгүүд рүү эмнэлгийн тусламж чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд Газын зурвас руу аюулгүйн гарцууд нээхийг уриалжээ. Үүний зэрэгцээ ХАМАС бүлгийн зүгээс Газын зурвас руу цохилт өгөх тоолонд нь барьцаанд байгаа Израил иргэдийг хөнөөх болно гэж сүрдүүлжээ.
Өмнө нь мөн хэвлэлүүд ХАМАС бүлгийг барьцаанд нь байгаа Израилын хэдэн арван иргэдийг терроризмын хэргээр Израилын шоронгуудад хоригдож байгаа Палестины 36 эмэгтэйчүүд, хүүхдээр солих санал тавьсан талаар мэдээлж байсан. Тэгвэл сүүлд авсан мэдээллээр байлдаан үргэлжилж байгаа цагт барьцааны хүмүүсийн талаар ХАМАС ямар ч хэлэлцээ хийх бодолгүй байгаа гэдгээ бүх талд илэрхийлснийг энэ бүлгийн улс төрийн жигүүрийн тэргүүн Исмаил Хания мэдэгджээ.
Израилын Засгийн газар мөн өмнө нь ХАМАС-тай энэ талаар хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдээлжээ. ХАМАС-ын дайтагчид бямба гарагийн өглөөгүүр хил давж дайрах үедээ 100-150 гаруй хүнийг барьцаалж авч явсан гэдэг мэдээллийг Израилын тал өгч байна. Израилын хүний эрхийн “Бецалель” төвийн мэдээгээр, энэ оны 6-р сарын байдлаар Израилын шоронгуудад терроризм болон иргэдийн аюулгүй байдалд халдсан гэмт хэрэгт холбогдсон 14-18 насны 147 хүүхэд хоригдож байжээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна