2024/11/25

Өөрийгөө өөрөөсөө хамгаалъя

info@inder.mn
2023/11/01

Хүн болж хүзүү толгой холбосноос хойш мөн ч их юм бодох юм даа. Бодсон бүхэн нь  бичиглэгдээд  орчин цагийнхаар бол “хард” гэдэгт нөөцлөгддөг бол овоо хэдэн ийм төхөөрөмж дуусгана даа. Хорвоод  мэндлээд л  нар харсан цагаасаа эхлэн бодолдоо чирэгдэж, хойд насандаа  хүрэх хүртэл бодсоор л байх хүмүүний тавиланг яалтай ч билээ. Зүүдэндээ  хүртэл бодол нь үргэлжилнэ. Түүнийгээ зөн  сэрэмж гэж хэлнэ. За энэ ч яахав. Хүнд ер нь бодохгүй юм гэж алга. Сайхан муухай,  санасан эгээрсэн, баяр гуниг, бүтээл туурвил,  бүлээрсэн халуурсан... уйлсан дуулсан, ухаарсан  урамшсан...

Би ойрноос  өөрийгөө хамгаалах тухай бодол болж эхэллээ. Мэдээж залуу  зандан насандаа алд биеэ юман чинээ бодолгүй  дарвиж шуугиж явсан. Тэр л чигээрээ байх юм шиг тэнхлүүн явсан. Бие маань ч түүнийг ажраана үгүй туучиж бие, бид хоёр цагийн аяныг явж барсаар өнөөдөр хүртэл нүүсэн. Нүүдлийн хөлд хэн нь хэн болов доо. Бодоод байхад  бид өөрийгөө дандаа гаднаас  хамгаалсаар өдий хүрчээ. Хүйтэн жавар,  аагим халуун,  түнэр харанхуй,  адуу мал, араатан жигүүртэн, худаг ус, нуур цөөрөм, машин тэрэг, дайн байлдаан, зодоон цохион...ер юу эс вэ. Тэр бүхнээс хамгаалалгүй яах вэ. Зөв л дөө. Тэгж чадсандаа л  усанд живчихэлгүй, хүнд зодуулчихгүй,  хөлдөөд үхчихгүй өдий хүрсэн. Амьд ертөнцөд арвалзаж  яваа хорхой шавжаас эхлээд бүхий л амьтанд ийм зөн билиг төрмөл ухаан  заяасан.  Түүн дээр нь таримал ухаан залгаж өгдөг. Ийм л юм даа.

Миний ширээн дээр Ц.Мягмар гэж хүний “Эрүүл амьдрах урлаг, амьдралын эрч хүч” гэдэг бэсрэгхэн ном дэлгээстэй байна. Энэ хүн өмнө нь хэд хэдэн ном бичсэн юм байна.  “Эрүүл амьдрах урлаг”, “Хөгшрөлт, түүнтэй тэмцэх нь”,  “Урт наслахуйн ухаан” гээд.  Түүний дөрөв дэх ном нь энэ аж. Эдгээр ном үнэндээ хүн яавал урт удаан насалж, эрүүл саруул амьдрах тухай л олж мэдсэн, баримт жишээнд тулгуурласан. Энэ номыг бүтээгч нэгэн сонины ярилцлагад өгүүлэхдээ 

“...Хүнийг оролцуулаад аливаа амьтан өсч, бие гүйцсэн хугацаагаа 5-7 дахин нугалж амьдарна гэсэн онол одоо ч үйлчилж байгаа. Тэгвэл 23-25 насандаа бие гүйцдэг хүн наад зах нь 120 наслах бололцоотой. Хятадын иргэн Ху овогт 290 насалсан гэдгийг Юань гүрний сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Хүний амьдрал бол тэмцэл юм. Бид эрүүл мэндийнхээ төлөө тэмцэхгүй байна. Бид хөрөнгө, тансаг амьдралын төлөө үхэн хатан тэмцдэг. Хүн өвчнөө өөрөө буй болгодог. Амьдралын хэв маяг зан араншин ямар байна, өвчин нь тийм байдаг. Хөдөлгөөний дутагдал үндсэн гол шалтгаан нь... Дараа нь буруу хооллолт, хорт зуршлаас хүн дотроосоо хордож, бохирдож, цусанд хорт шаар хуримтлагдаж байна. Эдгээр хорт шаараа гадагшлуулах, цэвэрлэх арга хэмжээ авдаггүй. Өнөөдөр оюутан сурагчид, охид хөвгүүд, залуучууд тамхи татаж, архи ууж байна. Тэдэнтэй ирээдүйн урт удаан, эрч хүчтэй амьдралын тухай ярилтгүй. Даанч харамсмаар зүйл шүү...” гэсэн байдаг. Тиймээ,  хүн гэгч төрснөөсөө эхлээд л  төгсөх хүртлээ өөртэйгээ “дайтаж” байгаа юм.  Машин тэрэг бол маркаар нь тос  шатахууныг нь хийгээд үйлчилгээг нь үзүүлээд байхад  гаднын зохисгүй нөлөөллөөс л болохгүй бол дажгүй яваад л эзнээ зовоохгүй болоод байна. Гагцхүү бид болохоор  бие нь хоёр аяга ус уух шаардлагатай байтал  таван аяга ус залгилчихна. Орой тодорхой цагт  хөнгөн  шингүүртэй аяга хоол зооглохыг хүсэж ахуйд нь  түмпэн дүүрэн мах тавьж байгаад зулж гарна. Ай даа, энэчлэн хэдэн ч боть ном бичмээр меню бэлхнээ гараад ирнэ. Өөрийгөө өөрөөсөө хамгаалахын наад захын жишээ энэ л дээ. Тэгээд ч та бидний амьдрал, хувь заяа өөрсдийн маань гарт байдаг. Хэн ч ирээд бидний амьдралыг тэгтлээ бусниулчих нь юу л бол. Иймээс орчин үеийн хэлээр бол  урьдчилан сэргийлэх, өвчин эмгэг тусаад эмчлүүлж цаг нар, эдийн засгаа үрэн таран хийж суухын оронд  эрүүл саруул өвчингүй байхыг гол зорилго болгох нь хамгийн зөв ухаалаг сонголт юм. Өвчин архагшин бусад эрхтэндээ нөлөөлж, ямар ч эмчилгээ, арга засалд дарагдахааргүй болж, улмаар амь насаа алдаж байна. Үүнийг үнэндээ бид өөрсдөө л хийж байгаа юм даа. Тийм болохоор л өөрийгөө өөрсдөөсөө хамгаалъя гэж хэлэх гээд байгаа юм. Тэгээд ч  гадна дотнын олон  эрдэмтэн хүний эд, эс долоон жил тутамд шинэчлэгдэж, дараагийн үе шатанд бэлтгэгдсэн байдаг ба 22 үе шатыг дамждаг гэдгийг нотолж байна. Жишээ нь, бөөр 1200  жил амьдарч чадах нөөцтэйг эрдэмтэд тогтоосон байна. Бид тэгтэл  юу юуны туханд хүрэлгүй л бөөрний өвчтэй болж байх юм. Өнөөх бөөрний аппарат нь хүрэлцэхгүй хичнээн ч хүн зовж шаналж, зуурдаар  амь насаа огоорч  байна даа. Энэ бол үнэхээр дэлхий нийтийн асуудал болж. Манай улсын тухайд  10 хүн дутмын нэг нь бөөрний асуудалтай гэж мэргэжлийн байгууллага хэлж байх юм. Эрүүл мэндийн яамны статистик мэдээллээр сүүлийн таван жил бөөр шээсний замын эмгэг эхний гуравдугаарт оржээ.

Өнгө алаг орчлонд бид чинь үхрийн бөөр шиг л амьдарч яваа болохоор  алтан дэлхийд хүний хувь тавиланг олж ирэхийг зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтоохтой агаар нэг гэж хэлдэг. Ийм л ховор заяагаа өөрсдөө л баллаад байгаа юм байна л даа. Үүнийгээ  нэг л амьдрахаас хойш  ууна ч, иднэ ч, наргина ч, даргина ч гэж давхисаар тартагт нь тулгахыг алийг тэр гэхэв дээ.

Өөрийгөө өөрсдөөсөө хамгаалахын хамгийн анхдагч нь эрүүл саруул заяасан бодгалиа үрэн таран хийчихгүй хоол хүнсээ тохируулахаас эхтэй буюу. Өнөө цагт  бараг  айл бүхний гадаа сойлттой байгаа том, жижиг есөн жорын машин техниктэй зүйрлэвэл  илүү ойр юм шиг. Машин гэдэг техникт 70 литрийн савтай л бол 70 литр  шатахуун л хийнэ биз дээ. Түүнээс  “За яахав, 20 литрийг илүү хийчихье” гээд нэмбэл гадуур нь асгаад хэнд ч үгүй юм болох нь тодорхой. Түүн лугаа  идэх ходоод нь нэг байтал хоёр ходоодны  дайтай идчихээр хөөрхий тэр эрхтэн  ядарна уу гэхээс баярлахгүй дээ. Ийм л юм даа. Ийм  л болохоор  өөрийгөө өөрөөсөө хамгаалахгүй бол горьгүй нь. Өөрийгөө өөрөөсөө хамгаалах олон сэдэв байна. Тэр бүхнийг  дараа дараагаар илгээхээр зэхэж сууна даа...

2015 оны 7 дугаар сар 22

Нийтэлсэн: Лханаагийн Мөнхтөр



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна