Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгийг байгуулав.
Хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон карго тээврийн хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох болон дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгаж, мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө.
Хэлэлцээрээр ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавьж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах болон хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн туршлага харилцан солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг асуудлыг санамж бичгээр тохиролцов.
Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх, мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой.
Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөлийг бүрдүүлсэн.
Санамж бичиг нь талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх зэрэг соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэх зорилготой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна