2024/11/24

Монгол Улс олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын ассамблейн 2024-2027 оны дэд даргаар сонгогдлоо

info@inder.mn
2023/11/30

Ромд төвтэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагa (ОУЭЗХБ)-ын гишүүн орнуудын Ассамблейн хуралдаан 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар ОУЭЗХБ-ын гишүүн улсуудын Ассамблейн 2024-2027 оны дарга, дэд дарга болон Ерөнхий захирлыг сонгов. Ассамблейн даргад АНУ, дэд даргад Монгол Улс нэрээ дэвшүүлж, гишүүн улсуудын 100 хувийн саналаар тус тус сонгогдов. ОУЭЗХБ-ын Ерөнхий захирлаар Жан Беагл улиран сонгогдсон. 

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг энэхүү хуралдааны Ерөнхий хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ Монгол Улс тус байгууллагын гишүүнээр 2015 онд элсэж, “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал”, “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх”, “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх” зэрэг олон чухал төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэв. Мөн тэрээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн нийгэм хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго, хүн бүр эрх зүйт нийгэмд ижил тэгш эрх, үүргээр хангагдах нь чухал болохыг онцолж, Монгол Улс ОУЭЗХБ болон тус байгууллагын гишүүн улсуудтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна