2024/11/24

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг дэмжих төслийн хаалтын семинар болов

info@inder.mn
2023/12/20

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Эн Ди Си буюу “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт (ҮТХН буюу NDC)-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хаалт боллоо.

Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат, тус яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао, болон Уур амьсгалын өөрчлөлтийн төслүүдийн Үндэсний зохицуулагч Д.Саруул тэргүүтэй албаныхан мөн Зам тээврийн хөгжлийн яам, Герман Улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Олон улсын хөгжлийн байгууллагууд, Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн судлаач, зөвлөх, мэргэжилтнүүд оролцов.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, агаарын бохирдлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, санаачилга болох Парисын хэлэлцээрийн дагуу манай улс 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонн СО2-тэй дүйцэхүйц хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээсэн. Барилгын салбарын хувьд 830 мянган тонн, хог хаягдлыг 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээгээр тус тус бууруулах зорилтыг яамны стратеги төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Энэ чиглэлийн олон арга хэмжээг хэрэгжүүлэхэд Эн Ди Си төсөлтэй 2020 оноос эхлэн хамтран ажиллаж, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэн Монгол Улсын Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодитой хувь нэмэр орууллаа" хэмээн төслийн хамт олонд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050”, Засгийн газраас баталсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт” зэрэг томоохон бодлогын баримт бичгийн дагуу барилгын салбараас ялгарах хүлэмжийн хийг бууруулахаас гадна агаар орчны бохирдлыг бууруулах хэд хэдэн бодлогын арга хэмжээг БХБЯ хэрэгжүүлэн ажиллаж байна гэж БХБЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна