2024/11/24

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

info@inder.mn
2024/05/29

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 27-нд эхэллээ.
Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон бусад албаны хүмүүс оролцож байна.
Монгол Улс ассамблейн 77 дугаар чуулганд Номхон далайн баруун бүсийг төлөөлөн Эрхийн үнэмлэхийн хороонд ажиллаж байгаа юм.
Чуулганы нээлтэд Швейцарийн Холбооны Улс, Европын Холбоо, Малайз, Тайланд зэрэг улсын төр, засгийн тэргүүд болон Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ололт амжилт, бэрхшээл сорилтуудын талаар дүгнэн танилцууллаа. Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2021-2024 онд хэрэгжиж буй Үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн “Нэг тэрбум хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх”, “Нэг тэрбум хүнийг эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулах”, “Нэг тэрбум хүнийг эрүүл мэндийн ноцтой байдлаас хамгаалах” зорилтуудын хэрэгжилтийг 2022-2023 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар танилцуулсан юм. Эдгээрээс 2025 он гэхэд “Нэг тэрбум хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх” зорилт хангагдаж, энэ хугацаанд шинээр 1,5 тэрбум хүний эрүүл мэндийг хамгаалж, дээшлүүлсэн үр дүн гарахаар тооцоолсныг онцлон тэмдэглэв.
Харин “Нэг тэрбум хүнийг эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулах” зорилт 50 гаруй хувийн биелэлттэй буюу шинээр 585  сая хүнийг эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээнд санхүүгийн аливаа дарамтгүйгээр хамруулж чадсан байх төлөвтэй байгааг хэлсэн.


Бүх нийтийн хамралтын хувьд ДЭМБ-ын гишүүн улсуудын 30 хувь нь 2000 оноос хойш тусламж үйлчилгээний хамралт болон санхүүгийн эрсдэлээс хамгаалах чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргаад байгаа ч дэлхийн хэмжээнд дээрх зорилтод хүрэхэд хол байгааг онцлоод “Иргэний халааснаас гарч буй эрүүл мэндийн зардлын улмаас санхүүгийн хүндрэл дарамтад орж буй хүн дэлхийн хэмжээнд 2 тэрбум байгаа бол дэлхийн нийт хүн амын тал нь эрүүл мэндийн нэн шаардлагатай суурь тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Цаашилбал, “Нэг тэрбум хүнийг эрүүл мэндийн ноцтой байдлаас хамгаалах” гуравдугаар зорилтын хүрээнд 2025 он гэхэд 777 сая хүний эрүүл мэндийг хамгаалж, зорилтын дөрөвний гурвыг хангасан байх төлөвтэй байна” гэв.
Ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэг “Эрүүл мэндийн төлөө бүгд, Бүгдэд эрүүл мэндийг хүргэх нь” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны ерөнхий хэлэлцүүлэгт Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсын байр суурийг илэрхийлэх юм.
Чуулганд оролцож буй манай төлөөлөгчид Олон улсын атомын энергийн агентлагийн Хавдрын хяналтын хөтөлбөрийн газрын захирал Лиса Стивенс тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийж Монгол Улсад энэ оны тавдугаар сард хийсэн Хавдрын хяналтын цогц үнэлгээний ач холбогдол болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Манай улсад хийсэн хоёр дахь удаагийн хавдрын хяналтын хөндлөнгийн үнэлгээний дүнд тодорхой бөгөөд дэлгэрэнгүй зөвлөмж, тайланг хүлээн авах хүлээлттэй байгаагаа Монголын тал  илэрхийлээд үнэлгээний дүнд үндэслэн Хавдраас урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн батлахаар төлөвлөж буйгаа хэлсэн.


Олон улсын атомын энергийн агентлагаас тодорхой зөвлөмжийг дэлгэрэнгүй тайлангийн хамт ирэх есдүгээр сард Засгийн газарт эцэслэн хүлээлгэж өгөхөө илэрхийлж, тайлан болон зөвлөмжийг НҮБ-ын төрөлжсөн бусад агентлагууд болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хуваалцахыг хүсээд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тэдэнтэй хамтран ажиллахад шаардлагатай нотолгоог гаргаж өгөх болно гэлээ.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна