2024/11/23

Хамтарсан Засгийн газрын хамгийн том зорилт 14 мега төсөл

info@inder.mn
2024/09/18

Өнгөрсөн хугацаанд хийсэн Үндсэн хууль, сонгуулийн хуулийн өөрчлөлт нь Монгол Улсыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ганцхан зорилготой. Төсвийн хөрөнгө оруулалтыг жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг, сум бүр рүү аар шаархан зүйлд зарцуулахы байдлыг зогсоохыг зорьсон юм. Яг энэ зорилгыг биелүүлэх, хэрэгжүүлэх парламент, Засгийн газар өнгөрсөн сонгуулиар бүрдэн ажиллаж байна. Тойрог бус, улс орны эрх ашиг чухал гэдгийг үндэслэн сонгуулийн тогтолцоогоо шинэчилсэн. Шинэчилсэн тогтолцооны дагуу бүрдсэн парламентад нэг нам дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой байсан ч намын бус улс орны эрх ашиг, эв нэгдэл чухал гэж үзэн хамтарсан Засгийн газар байгуулсан. Нэгнээ шүүмжилж, хийж буй ажилд нь чөдөр тушаа болох бус хамтдаа хийх, хамтдаа зүтгэх сонголтыг хийсэн гэсэн үг. Өмнө нь хамтрахаар “Хамтдаа хулгай хийх нь” гэж олон нийт харддаг байлаа. Харин одоо цаг үе өөр болсон. Иргэд олон нийтийн хяналт нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд өрнөсөн гашуун туршлага, зарим улстөрчдийн аавын хаалга татсан байдал нь сургамж болсон. Тиймээс хамтдаа зүтгэж тогтвортой ажиллах, дахин сонгогдох нь улстөрчдийн ганцхан зорилго болсон.

Засгийн газарт хамтарсан намууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу Засгийн газрынхаа 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Ингэхдээ Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. УИХ-ын гишүүд дахин сонгогдохын төлөө тойрог бүрдээ соёл, спортын төв гэх мэт жижиг хөрөнгө оруулалт хийх бус хамтдаа улсын хэмжээний томоохон төслүүдэд төсвийн хөрөнгийг зарцуулж, нэг цонхоор гадаад бодллого хэрэгжүүлж хөрөнгө оруулалт татах нь зүйтэй гэж үзжээ. Засгийн газар 14 мега төслөө эрэмбэлж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, ирэх  намрын чуулганы хугацаанд "Орано" групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хоёр цахилгаан станцын асуудлыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд дараах 14 мега төслийн ард нь гарахаар зорьж байгаа юм.

  1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
  2. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
  3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  4. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
  5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
  6. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
  7. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
  8. Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
  9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
  10. Зэс боловсруулах цогцолборын төсөл
  11. Гангийн цогцолборын төсөл
  12. Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
  13. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
  14. Үндэсний хиймэл дагуулын төсөл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна