Орос, Украины дайн агаар болон хуурай замаар гол төлөв үргэлжилж байна. Талууд иргэний дэд бүтцэд агаараас цохилт өгөхийн зэрэгцээ хуурай газраар ширүүн тулалдаж буй. Тэгвэл дайны чухал ач холбогдолтой фронт нь усан зам болжээ. Тодруулбал, сүүлийн саруудад Хар тэнгисийн төлөөх тулаан эрчээ авч байна.
Геополитикийн уламжлалт онол нь дэлхийн улс төрийг хэт хялбарчлах хандлагатай байдаг аж. Өөрөөр хэлбэл, 19 дүгээр зууны сүүл үеэс үүссэн онолын дагуу дэлхийн улс орнуудыг хуурай газрын эсвэл далайн гүрэн гэж ангилдаг. Их Британийн геополитикч Сэр Халфорд Маккиндер, АНУ-ын онолч Альфред Тайер Махан зэрэг сэтгэгчид далайн гүрнүүдийг чөлөөт худалдааны шинж чанартай, ардчилсан гэж тодорхойлсон байдаг бол хуурай газрын улс орнуудыг эсрэгээрээ харгис, милитарист гэж дүрсэлсэн байдаг. Энэ сэтгэлгээ өнөөдөр ч байсаар байна.
Хуурай газар болон далай дээрх дайныг ялгаж салгах сэтгэлгээ нь Орос, Украины дайнд ч төөрөгдөл үүсгэж байгаа аж. ОХУ газар болон агаараар тодорхой хэмжээний ахиц үзүүлсэн ч гэлээ Хар тэнгис дэх томоохон бүтэлгүйтлийг нь орхигдуулах аргагүй. ОХУ-ын тэнгисийн арми Украины эргээс ухарч, хөлөг онгоцуудаа бүс нутгаас хол байлгахаас өөр аргагүйд хүрээд байна.
"Ойр ба алс ус: Далайн хүчний геополитик" ном дурдсанчлан далайн орнуудад хоёр асуудал тулгардаг. Нэгдүгээрт, тэд далайн эргийн шугамтай харьцангуй ойрхон хэсгүүдийг хянах шаардлагатай. Хоёрдугаарт, бусад улс орны ойролцоох буюу алс холын усанд өөрсдийн хүч, нөлөөгөө тэлэхийг хичээдэг.
Хар тэнгис нь хаалттай, харьцангуй жижиг тэнгист тооцогдох ба хүрээлэн буй орнуудын ойролцоох уснаас бүрддэг. Өмнөд талаараа Турк, баруун талаараа Болгар, Румын, зүүн талаараа Гүрж, хойд талаараа Украин, Оростой хиллэнэ.
Хар тэнгисийн ойролцоох усны хяналт олон зууны турш маргаантай байсан бөгөөд одоогийн Орос, Украины дайнд ч чухал үүрэг гүйцэтгэж байна.
Оросууд 2014 онд Крымийн хойгийг булаан авснаар Севастополь тэнгисийн боомтод хяналт тавих боломжтой болсон. Украины усан хилийн ойролцоо байсан хэсэг нь Оросын хувьд де-факто ус болжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай ойр биш ч гэлээ тэнд харьяалагддагт тооцох болсон гэсэн үг. Энэ өөрчлөлт нь Украины худалдаа, тэр дундаа алс хол Африкийн далай тэнгис рүү үр тариа экспортлоход саад учруулах боломжийг ОХУ-д олгожээ.
Гэвч Румын, Болгар, Турк улсууд ачааны хөлөг онгоцыг ойрын усаар Газар дундын тэнгис рүү нэвтрүүлэхийг зөвшөөрснөөр Оросын үйл ажиллагаа тасалдсан юм. Украин эдгээр улсын ойролцоох усыг ашигласнаар 2024 оны эхний улиралд сард 5.2-5.8 сая тонн үр тариа экспортлох боломжтой болсон. Гэхдээ энэ нь дайны өмнөхөөс хавьгүй дор үзүүлэлт юм. Дайны өмнө Украин сардаа 6.5 сая тонн үр тариа экспортолдог байжээ.
Украины ойролцоох Хар тэнгисийн усанд хяналт тогтоох Оросын оролдлогыг хазаарлах хүчин чармайлт нь алс усыг худалдааны зорилгоор ашиглах боломжийг Киевт олгосон. НАТО-ийн орнуудын ойролцоо хөлөг онгоц руу дайрахаас эмээх Оросын айдас ч үүнд нөлөөлсөн. Эдгээр хүчин зүйл нь дайны үед Украины эдийн засгийг хөл дээр нь тогтоож чаджээ.
Украин алс усыг ашиглах болсноор ОХУ экспортыг нь тасалдуулах боломжгүй болсон. Үүний зэрэгцээ ОХУ-ын арми Украины тэнгисийн цэргийн шууд дайралтад өртөх болов. Дайн эхэлснээс хойш Украин нисгэгчгүй нисэх онгоцуудыг ашиглан Оросын хөлөг онгоцуудад амжилттай цохилт өгчээ. Хар тэнгисийн флотод дайнаас өмнө Оросын 36 хөлөг онгоц байсан бол 15 орчим нь живж, өөр олон хөлөг эвдэрч сүйдсэн.
ОХУ эцэст нь Хар тэнгисийн зүүн хэсэгт хөлөг онгоцуудаа байрлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Крымийг булаан авснаар олж авсан ойрын усандаа ОХУ үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.
ОХУ эртнээс нааш далайд хүчирхэг гэдгээ харуулахыг хичээсээр ирсэн. Түүхийн туршид тэд алс холын далайг хянахаас илүүтэй өөрийн эрэг орчмын усыг хамгаалахад гол анхаарлаа хандуулж иржээ. Тухайлбал, ОХУ 1905 онд Японы тэнгисийн цэргийн хүчинд ялагдсан. Тэнгисийн цэргийн хязгаарлагдмал хүчин чадлын улмаас өөр улс оронтой хамтарч байсан ч түүхтэй. Дэлхийн нэгдүгээр дайны үед ОХУ Балтийн тэнгис дэх Германы худалдааны үйл ажиллагаа, Хар тэнгис дэх Туркийн худалдаа, цэргийн ажиллагааг хязгаарлахын тулд Британийн хааны тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарч байжээ.
Хүйтэн дайны үед ЗХУ пуужин харвагч хурдан хөдөлгөөнт завь, нисэх онгоц тээгч хөлөг зэргийг бүтээсэн. Гэсэн ч эдгээрийг алс холын усанд ажиллуулахын тулд шумбагч онгоцноос ихээхэн хамааралтай байв. ЗХУ-ын Газар дундын тэнгисийн флотын гол зорилго нь НАТО-г Хар тэнгис рүү нэвтрэхээс урьдчилан сэргийлэх явдал байлаа.
Гэвч өдгөө ОХУ Хар тэнгист хяналтаа алдсан гэж үзэж байна. Үүнээс болоод Хар тэнгисээс Газар дундын тэнгис рүү тэнгисийн цэргийн хүчээ шилжүүлэх боломжоор хязгаарлагдмал болжээ.
Ийм нөхцөлд ОХУ тэнгисийн цэрэгтээ ихээхэн хөрөнгө оруулалт хийж буйтай Хятадтай хамтарвал алс ус руу нөлөөгөө тэлж чадах юм. Орос, Хятад хоёр улс энэ оны долдугаар сард Өмнөд Хятадын тэнгист хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн нь тэдний хамтын ажиллагааны нэгээхэн нотолгоо болов. Хятадын Ардын чөлөөлөх армийн төлөөлөгч Ван Гуанжэн хэлэхдээ "Хоёр улсын хамтарсан сургууилалт нь янз бүрийн чиглэл, салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ажил хэрэгч болгоход түлхэц өгсөн. Мөн далайн аюулгүй байдлын заналхийллийн эсрэг хамтран хариу арга хэмжээ авах хоёр талын чадварыг үр дүнтэй сайжруулсан" гэжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын аль алинд нь ашигтай. Ялангуяа ОХУ-ын хувьд тэнгисийн цэрэг талаасаа цэвэр ашигтай. ОХУ нь Хятадад хойд эргийн ойролцоох усаа хамгаалахад тусалж, Хойд мөсөн далайгаар дамжин алс холын усанд аюулгүй нэвтрэх боломжийг нь дэмжиж байна. Гэхдээ Оросын стратегийн ашиг сонирхол Хятадынхтай нийцэж байгаа тохиолдолд л энэ нь боломжтой.
Хятад улс Африк, Номхон далай, Европ, Өмнөд Америк гэсэн алс холын орнуудад эдийн засгийн нөлөөллөө тэлэхийн тулд Оросыг ашиглах хэдий ч эргээд Москвагийн зорилгын төлөө тэдгээр түншийнхээ ашиг сонирхолд аюул учруулах эсэх нь эргэлзээтэй.
ОХУ-ын эдийн засгийн ашиг сонирхол алс холдоо Сахел болон Сахарын цөлөөс өмнөх Африкт байдаг. Оросууд Африк дахь өөрийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа нь Хятад улс Энэтхэгийн далай дахь тэнгисийн цэргийн оролцоогоо нэмэгдүүлж буйтай агаар нэг. Хоёр улс бүс нутагт өөрсдийн зорилго, нөлөөгөө баталгаажуулахыг зорьж байна. Гэхдээ эцсийн дүндээ хамтын ажиллагаа Хятадын хүслийн дагуу байх болно.
Хар тэнгист занганд ороод буй Оросын хувьд тэнгисийн цэргийн хүчээ хөгжүүлэх цорын ганц боломж нь Хятадтай түншилж, Африк, Энэтхэгийн далайн алс холын усанд нэвтрэх явдал юм. ОХУ хуурай газрын тулаанд ялсан ч тэнгисийн талбарт хүчирхэг байдлаа нотлон харуулах хэрэгцээ байсаар байна.
ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна