2024/11/14

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй төлөөлөгчид ГИХГ-т ажиллалаа

info@inder.mn
Өчигдөр 06 цаг 01 минут

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ажлын албаны дарга Д. Ариунболд нар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага бөгөөд ГИХГ-ын дарга Н. Ууганбаяр Монгол Улсад оршиж сууж буй гадаадын иргэдийн тоон мэдээ, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл өгч, цахим үйлчилгээ, үйлчилгээний нэгдсэн системийн талаар танилцуулав. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг хамгаалах, виз, зөвшөөрөл олголтын хяналтыг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ 2024 онд бүрэн цахимжиж, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх үйлчилгээний хүндрэл багасаж, чанар, хүртээмж нэмэгдсэн эерэг өөрчлөлт, үр дүн гарч байна. Үүнийг дагаад программ хангамж, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах, шинэ үеийн хиймэл оюун ухаан дээр суурилсан системийг хөгжүүлэх, аливаа төрлийн халдлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь дараагийн том зорилт болж байгааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр онцлов.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ цахимжуулах нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, эдийн засагт оруулах үр өгөөж талаасаа сайн боловч нөгөө талаасаа бодит эрсдэлийг дагуулж болзошгүй тул цаашид системийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн хяналтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг чиглэл болгов. Мөн хоёр байгууллага хоорондын цахим системүүдийг холбож, мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг бүхий л чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна