2024/11/14

Хоол зүйчид шим тэжээлийн цэсээр үйлчлэхэд хоолны төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

info@inder.mn
Өчигдөр 06 цаг 23 минут

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын ерөнхий газар хамтран “Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна.

 Аяны хүрээнд хоёр дахь өдрийн сургалтаа ШУТИС-д зохион байгууллаа.

 Энэ удаагийн сургалтад нийслэл болон Сэлэнгэ, Увс аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хоол зүйч, тогооч, эмч зэрэг 126 албан хаагч хамрагдсан юм.

 Сургалтын үеэр "Шим тэжээлийн боловсрол олгох арга зүй" сэдвээр “Хүүхдийн хоол шим тэжээл сургалт арга зүйн үндэсний төв”-ийн ахлах ажилтан

 Д.Зулгэрэл, "Хоол үйлдвэрлэлийн технологи, илчлэг тооцох арга зүй" сэдвээр ШУТИС-ийн ҮТС-ийн багш Г.Долгорсүрэн нар танилцуулга хийлээ.

 Хоол зүйч, эмч, тогооч нарыг хамтарсан баг болгож ажиллуулж өнгөний системд суурилсан нийт 8 долоо хоногийн цэс төлөвлөв. Мөн шим тэжээлийн тэнцвэртэй 40 өдрийн хоолны илчлэг, түүхий эдийн тооцоог боловсрууллаа. 

 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд түгээмэл хэрэглэж буй 53 хоолны технологийн картыг солилцож, хүнсний нийлүүлэлтэд тулгуурлан цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны өртгийн тооцооллыг гаргасан юм.

 Сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлж, дараах санал дүгнэлтийг гаргалаа.

 Тодруулбал,

 • Нэгж байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг оновчтой, зөв төлөвлөхөд Хоол зүйч хамгийн чухал үүрэгтэй тул бүх байгууллага Хоол зүйчтэй болох,

 • Хүүхдийг бага наснаас нь олон төрлийн хүнс хэрэглэж сургах, дадал хэвшил эзэмшүүлэхэд анги, бүлгийн багш, Хоол зүйчээр дамжуулан шим тэжээлийн боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
 
• Шим тэжээлийн тэнцвэртэй цэсээр үйлчлэхэд зайлшгүй хоолны төсвийг нэмэгдүүлэх,
 
• Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид өсөлт хөгжлийн идэвхтэй үе явагдаж байгаа тул хоолны үйлчилгээнд хамруулах,
 
• Сүү цагаан идээ, жимс, навчит ногооны хэрэглээ хангалтгүй байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Энэ асуудлыг боловсролын байгууллага, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой шийдвэрлэх,
 
• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг жигд тогтвортой, үр дүнтэй зохион байгуулахад байгууллага бүхэлдээ нэгдсэн ойлголттой байх нь чухал тул багш болон нягтлан, удирдлагуудад хоол, шим тэжээлийн талаарх сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай гэж үзлээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 
 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна