2025/04/28

Эрчим хүчний зохицуулах хороонд Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулав

info@inder.mn
5 цаг 42 минутын өмнө

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг өнөөдөр (2025.04.28) гүйцэтгэх багийн бүрэлдэхүүний хамт Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллаж, Дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг танилцууллаа.

Цахилгааны болон дулааны эрчим хүчний салбарын харилцааг өнөөдөр Эрчим хүчний тухай хуулиар нэгтгэн, ерөнхийд нь зохицуулж байна. Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт ихээхэн ерөнхий учир нарийвчилсан харилцааг олон тооны журам гаргаж зохицуулахаар өөр аргагүй байдалд орж буй. Иймд хуулийг илүү нарийвчлах үүднээс цахилгааны болон дулааны эрчим хүчний харилцааг тус бүрд нь бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэснийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг дурдаад, харилцааг журам, дүрмээр зохицуулах нь тухай салбарын бодлого, үйл ажиллагааг харьцангуй тогтворгүй, хөрөнгө оруулалт татах боломжгүй болгож, хэтийн төлөв, хөгжлийн чиг хандлагад сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцолсон юм.

Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, инженер Х.Эрдэнэчулуун танилцуулсан юм. Тэрбээр, улс орны аж үйлдвэрлэл, хүн амын суурь хэрэглээ бөгөөд хэрэглэгчдийг тасралтгүй, аюулгүй, найдвартай хангах шалгуурыг нарийвчлан хуульчилж байгааг чухалчлан дурдав. Салбарын хөгжлийн чиг хандлагыг харгалзан төвлөрсөн хангамжийн системээс гадна хэсэгчилсэн хангамжийн системүүд, эх үүсвэрүүд бий болох боломжийг нээхэд хуулийн төсөл чиглэсэн байна. Дулаан хангамжийн системийг төлөвлөх, техник технологийн үзүүлэлт, нөхцөлийг нарийвчлах, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, хэрэглэгч хэрэглээгээ өөрөө төлөвлөөд, хэрэгжүүлээд явах боломжтой байх, үнэ тарифын зохицуулалтыг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглүүлэх зэрэг өргөн хүрээтэй зохицуулалт хуулийн төсөлд тусжээ.­ Манай улс байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг бүс нутгийн хамааралтайгаар хязгаарлагдмал хүрээнд төлөвлөж хэрэгжүүлдэг онцлогтой учир салбарын бодлого, төлөвлөлтийг мөн энэхүү хамааралд нь тодорхой тусгасан байна. Тодруулбал, системийн үйл ажиллагаанд аймаг, нийслэл, хотын захиргааны эрх, үүргийг багагүй оролцоотой байхаар зааж, техникийн нөхцөлийг үйлдвэрлэхээс эхлэн хэрэглэгчдэд хүргэх бүх үе шатанд нарийвчлан тодорхойлсон байна. Мөн түгээх сүлжээнд “нийтийн сүлжээ” гэх ойлголтыг бий болгож, хоёроос дээш хэрэглэгч холбогдох уг сүлжээний эрх зүйн болон эдийн засгийн харилцааг журамлажээ. Түүнчлэн дулааны эрчим хүчийг нарийвчлан тоолж, үнэ төлбөрийг тоолуураар тооцож байхаар хуулийн төсөлд тусгаад байна.

Хуулийн төслийн талаарх гүйцэтгэх багийн танилцуулгатай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүд, зохицуулагч инженерүүд асуулт асууж, санал хэллээ. Салбарын мэргэжилтнүүд дулааны эрчим хүч бол стратегийн бүтээгдэхүүн болохыг хуульд тодорхойлох, өмчийн өөр өөр хэвшлийн шугам сүлжээний харилцан холболт, өртөг зардлын тооцоог нарийвчлан зохицуулж, хөрөнгө оруулалтаа нөхөх болон системийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, тариф тогтоох аргачлал, индексжүүлэлтэд харгалзах үндэслэл, шаардлагууд, шугам магистралийн эхлэлийн болон эцсийн цэгийг оновчтой тогтоох, эрчим хүчний барилга багууламжууд угсралт, гүйцэтгэлийн стандарт, алдагдлыг бууруулах болон хэмнэлтийн зарчмуудыг хуульчлах зэрэг олон асуудлаар тодорхой санал дэвшүүлсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун дулааны эрчим хүчний бие даасан хуультай байхыг дэмжиж байгаагаа хэлээд, ажлын хэсэг богино хугацаанд ихээхэн эрчимтэй, ачаалалтай ажиллаж хуулийн төсөл боловсруулсанд баяр хүргэж, салбарын зохицуулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Үйлдвэрлэлийг цахилгаан, дулаан хосолсон байдлаар өргөжүүлэхгүй бол дан дулааны үйлдвэрлэлийн өртөг өндөр гарах эрсдэлтэйг тэрбээр дурдаж, цахилгааны болон хийн түлшний зэрэг дулааны эх үүсвэрүүдийг өргөжүүлэх, хэсэгчилсэн хангамжийн системд алгуур шилжих шилжилтийн зохицуулалтыг хуулийн төсөлд оновчтой тусгасан байгааг онцолсон юм.

Хуулийн төсөлд албан ёсоор саналаа ирүүлэхийг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хүсэж, инженер, мэргэжилтнүүд болон зохицуулах байгууллага, зохицуулагчдын саналыг хуулийн төсөлд тусгах талаар анхааралтай ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна