“Алтан Дорнод Монгол “компанийн захирал Т.Ганболдын 25-р суваг телевизэд өгсөн ярилцлага Монголын нийгэмд шуугиан тариад байна. Тэрбээр ярилцлагадаа “Улс төрийн шантаажаар намайг хэдэн сар хорьсон. Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын данс руу 4 сая доллар хийсэн нь үнэн” гэж хэлсэн юм. Энэ асуудлыг анх 2014 оны 12-р сарын 3-нд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин олон нийтэд дэлгэсэн. “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн тайлбартайгаар тэрбээр твиттер хуудсандаа нийтэлсэн юм. Баримт нь NRI LLC хэмээх компаниас “Рекат Монголиа” хэмээх компани руу 4 сая долларыг шилжүүлсэн төлбөрийн баримтын хуулбар байв. Холбогдох мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү...
NRI LLC компани нь Т.Ганболдынх бөгөөд Корпрейт зочид буудлыг эзэмшдэг бол төлбөр хүлээн авсан компани нь тухайн үеийн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын дүү Дамбын Баатарынх болж таарсан. Өнөөдөр ч энэ компани тус иргэний нэр дээр бүртгэлтэй хэвээрээ байна.
Х.Тэмүүжин сайдын мэдээллийн дараа Эрдэнэт үйлдвэрийн хэлтсийн дарга асан Ч.Бямбаа гэх хүн, Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалангийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн бөгөөд тухайн мөнгийг хүлээн авсан эзэн нь өөрийгөө гэж мэдэгдсэн юм. Тэрбээр “Алтан Дорнод Монгол компанийг худалдан авахаар Паушоктой тохирч, урьдчилгаанд 2 сая доллар өгөөд байхад Т.Ганболд гарч ирж компанийг худалдаж авсан, Паушок миний төлсөн мөнгийг буцааж өгснийг Т.Ганболд дамжуулан шилжүүлсэн нь энэ юм” гэх утгатай тайлбар хийсэн. Харин Голомтын эзэн гэгддэг Д.Баясгалан “үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр хэвлэлийн хуралд ирсэн, тухайн гүйлгээ нь бизнесийн байгууллагуудын хоорондын энгийн нэг төлбөр байсан” гэх маягийн зүйл хэлж байлаа.
Мэдээлэл хийсэн Ч.Бямбаа нь Увс аймгийнх буюу Д.Дорлигжавтай нэг нутаг, Эрдэнэт үйлдвэрийн захирал байхад нь орлогч даргаар томилогдож байсан, мөн Эрдэнэт үйлдвэрээс Д.Дорлигжав 800 мянган ам доллар завшсан хэрэгт нь холбогдон нэг хэсэг Англи руу зугтан амьдарч байгаад ирснийг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа. Зарим мэдээллийг ЭНД-ээс уншина уу...
Энэ үйл явдал өрнөснөөс хэдхэн хоногийн дараа Д.Дорлигжав өөрийн хүсэлтээр Улсын ерөнхий прокурорын ажлаа өгч, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилогдсон юм. Түүнийг ийнхүү сайдын албанд хэл амтай очсоноос хойш удалгүй ганц охин нь Туркт амарч явахдаа найз залуутайгаа хамт усанд осолдож амь насаа алдсан золгүй хэрэг тохиолдсон юм. Энэ үеэр хэвлэлүүд Монголын хууль зүйн сайдын 22 настай охины дансанд их хэмжээний буюу саяар тоологдох валют байсан тухай мөн “Nova Mongolia Corp” хэмээх компанийн 30 хувийг эзэмшдэг байсан тухай нь бичиж байв. www.Assa.mn сайтад нийтлэгдсэн нэгэн мэдээлэлд ““Сингапурт бүртгэлтэй “Nova Mongolia Corp” компани нь дотроо олон охин компанитай. Тухайлбал тус компани “Salins Limited” компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд “Salins Limited” нь “ZHCH Mining” компанийг мөн 100 хувь эзэмшдэг байна.
“ZHCH Mining” компани нь “Энержи Ресурс”-ын Трангоби компанитай гэрээ байгуулан Ухаа худгаас Хятад руу нүүрс тээвэрлэх ажлыг хариуцдаг. Ямартай ч дотроо олон охин компанитай, уул уурхайн бизнес голчлон хийдэг “Nova Mongolia Corp” компанийн 30 хувийг сайдын охин М.Дэмбэрэл гэдэг хүний хамт эзэмшдэг байж. Тэд энэ эзэмшлээ 2012 онд толгой компанидаа 1,767,875 сая фунтээр зарсан талаар тухайн үед “Bloomberg” зэрэг цахим хуудсуудаар мэдээлж байжээ” хэмээн бичжээ.
Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтад 2 сая долларын гүйлгээ байсан ч үнэн хэрэгтээ 4 сая доллар шилжүүлснээ Т.Ганболд хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр энэ тоо өмнөө дахиад нэг орон нэмэгдэх юм байна. Нийтдээ 14 сая доллар өгч байж Т.Ганболд шоронгоос мултарсан талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ. Т.Ганболдыг шорон дамжуулан хорьж, хамгийн сүүлд алдарт Төв аймгийн хориход байлгаж байгаад тухайн үеийн Эрүүгийн цагдаагийн дарга Б... гэгч өрөөндөө авчран дарамталсны дараа Ерөнхий прокурор Дорлигжавтай уулзуулсан гэнэ. Энэ үеэр прокурор “өмнө өгсөн мөнгөө хоёр үржүүлээд өгчих, тэгээд бүх асуудлыг дуусгая” гэсэн санал тавьсан. Энэ нь 28 сая доллар. Би яаж ийм их мөнгө олох юм бэ. Тэгснээс шорондоо үхье гэж хэлсэн” хэмээн дараа нь ойр дотнынхондоо ам алджээ.
Өөр нэг мэдээлэл хэлэхэд "хамар гэгдэх" Т.Ганболд 4 сая долларыг Голомт банкнаас зээлж Д.Дорлигжавын дүүгийн компани руу шилжүүлсэн гэнэ. Энэ үнэн бол Голомтын Д.Баясгалан яагаад “хоёр компанийн бизнесийн гүйлгээ” хэмээн мэдэгдэв, хэр баргийн хүн тоодоггүй, томчуудтай харьцдаг босс яагаад жирийн нэг компанийн захирлын хүсэлтээр хэвлэлийн хуралд оролцож, өмгөөлсөн тайлбар хийв гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Энэ асуултын хариулт маш амархан олдсон. Бидний эх сурвалжийн хэлснээр Д.Баясгалан өөрөө “шударга бусын хонгил”-оор орж, “махны машин”-д хэрчүүлэхдээ тулан зохих төлбөрийг нь төлж мэнд үлдсэн бизнесмэнүүдийн нэг юм байна. Түүнийг банкнаасаа их хэмжээний бэлэн мөнгө машиныхаа ард ачиж яваад дээр дурьдсан Б.. гэгчээр дамжуулан Д.Дорлигжавт өгүүлсэн гэсэн шивэр авир яриа цагдаагийн том хурандаа нарын дунд яригддаг аж. Харин хэвлэлийнхэн дунд тэрбээр www.news.mn сайтаар Ц.Элбэгдоржид “хүчээр бэлэглэсэн” гэсэн хардлага явдаг билээ. Д.Дорлигжав энэ бүхнийг дур мэдэн хийгээгүй байх. Учир нь түүнийг ийнхүү дураараа “дээрэм” хийж байхад томилсон хүн нь мэдээгүй, хараагүй, үзээгүй суусан гэвэл итгэхэд бэрх. Д.Баясгалангаас гадна УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “хонгил”-д өртөн дарамтлуулж, мөн л төлбөрөө төлсөн гэсэн мэдээлэл байдаг. Энэ тухайгаа ч тэрбээр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “2013 онд миний бизнесийг дээрэмдэх гэж АН-ынхан намайг Ганц худагт 60 хоног хорьсон. Тэгээд би улс төрд орсон” хэмээн ярьжээ. Хонгилд өртсөн бизнесмэнүүд болон улс төрчид, хуулийнхны дарамтын талаар бид үргэлжлүүлэн эрэн сурвалжлах болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна