Энэ онд Японы Засгийн газраас Украины Засгийн газрын Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөр нь Украин улсын шүүхийн тогтолцоог шинэчлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа бөгөөд дайны хөлд нэрвэгдсэн Украин улсад авлигын үр нөлөө бүхий таагүй нэрийг арилгаж, Европын холбоонд элсэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Өнгөрсөн сард Украины Шударга ёсны дэд сайд Людмила Сухак Токио хотноо айлчлах үеэрээ Японы Засгийн газрын албан тушаалтнуудад Украин улсад авлигатай тэмцэх чиглэлээр тулгараад буй ноцтой асуудлуудын талаар дурджээ.
Украины дэд сайд Людмила Сухак Япон улсын авлигыг үл тэвчих хандлагыг сайшаан, Токиотой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, тэдний сайн туршлагаас суралцан нэвтрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан 2023 оны авлигын төсөөллийн индексээр Украин улс 104 дүгээр байранд жагссан байна. Авлигын асуудалдаа ахиц дэвшил гаргахгүй байгаа нь Европын холбоонд нэгдэх болон Оросын түрэмгийллийг эсэргүүцэхэд бусад улс орнуудаас дэмжлэг авах Украины хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байна гэж ажиглагчид үзэж байна.
Дэлхийн банк болон бусад байгууллагын 2023 оны жилийн эцсийн тооцооллоор Украины сэргээн босголтын зардал ирэх 10 жилийн хугацаанд 486 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай гэжээ.
Японы Засгийн газрын нэгэн албан тушаалтан “...авлига нь шаардлагатай төслүүдэд зориулагдах ихээхэн хэмжээний хөрөнгийг шамшигдуулах эрсдэлтэйг онцолж, нөхцөл байдал өөрчлөгдөхгүй хэвээр байвал асар их хэмжээний мөнгө төрийн өндөр албан тушаалтнуудын халаасанд орох магадлалтай” гэжээ.
Авлигын төсөөллийн индексээр 16 дугаарт жагссан Япон улсаас сүүлийн 30 жилийн хугацаанд 10 гаруй улсад авлигын эсрэг арга хэмжээ авах, хууль эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Үүний хүрээнд Украин улс өнгөрсөн оны нэгдүгээр сард Япон улсаас тусламж хүсэж, наймдугаар сард хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Украин улсын хууль эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Засгийн газар 2025 оны төсвийн төсөлдөө 275 сая иенийн зардлыг тусгасан байна.
Япон улсын Засгийн газар энэ оны хавар хүртэл үргэлжлэх, ажлын түвшний хэлэлцээрийн дараа “тодорхой дэмжлэг үзүүлэх” арга хэмжээг эхлүүлэхийг зорьж байна. Тодруулбал, хуулийн хэрэгжилт хариуцсан байгууллагуудын хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор Япон болон Украин улсад сургалт, семинар зохион байгуулах, мөн Японы Засгийн газрын тодорхой албан тушаалтнуудыг Украин улсад байршуулан ажиллуулах боломжийг судалж байгаа аж.
Орос улсын зүгээс Украин руу бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш гурав дахь жилийн ой ирэх сард болохын сацуу Олон улсын хамтын нийгэмлэгийн дунд “гал зогсоох санаачилга” эрчээ авч байна.
“Украин сэргээн босголтын үе шатандаа орохоос өмнө бид аль болох хурдан хугацаанд бодит үр дүнд хүрэх шаардлагатай байна” гэж Япон улсын Хууль зүйн яамнаас онцолсон байна.
Эх сурвалж: https://www.japantimes.co.jp/news/2025/01/05/japan/japan-ukraine-corruption-fight/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна