2025/04/02

Умард Македоны шөнийн клубт гал гарч 59 хүн нас барж, 155 хүн гэмтжээ

info@inder.mn
2025/03/17

 Зүүн Европын Умард Македон улсын нийслэл Скопье хотоос 100 орчим км зайтай байдаг 30,000 оршин суугчтай Кокани хотын шөнийн клубт гал гарсан томоохон хэмжээний осол өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Орон нутгийн цагаар бямба гарагийн шөнө 02:30 цагийн үед гал асаж эхэлсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Pulse нэртэй шөнийн клубт гал гарах үеэр тус улсын DNK нэртэй хоёр гишүүнтэй хип хоп хөгжмийн хамтлаг тоглолтоо хийж байжээ. Галын үеэр 59 хүн нас барж, 155 хүн бэртэж гэмтсэн байна. Нас барсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь 18-20 насны залуус байна. Мөн гэмтэж бэртсэн хүмүүсийн 20 гаруй нь амь насанд эрсдэлтэй хүнд бэртэл авчээ. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүмүүсийн дунд 18 нас хүрээгүй 20 гаруй хүүхэд, нас барсан хохирогчдын дунд насанд хүрээгүй гурван хүүхэд байна.

Умард Македонд өнгөрсөн амралтын өдөр болсон харамсалтай үйл явдалд тус улсын Ерөнхийлөгч хатагтай Гордана Сильяновска Давкова болон Европын холбооны бусад төлөөлөгчид гүн эмгэнэл илэрхийллээ. Ерөнхийлөгч Сильвяновска эх хүн, хүн, Ерөнхийлөгчийн хувиар болсон явдалд ихээхэн цочирдож, хохирогчдын зовлон шаналлыг хуваалцаж буйгаа илэрхийлжээ. Мөн хуулийн дагуу стандарт хангаагүй ямар ч бизнесийн бусад салбарын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, улс орон даяар долоо хоногийн хугацаатай гашуудал зарлалаа. Галын үеэр хүндээр түлэгдэж шархадсан хүмүүсийг эмчлэхэд Умард Македон улсын эмнэлгүүд, хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул хөрш зэргэлдээх Болгар, Грек, Серби, Турк улсуудаас тусламж хүсэж, тэдгээр улсууд руу өвчтөнүүдийг яаралтай хуваарилан шилжүүлж эхэлсэн байна.

Хууль, хүчний байгууллагынхан, цагдаа нар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Гал гарсан Pulse шөнийн клуб нь үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй байсныг илрүүлсэн тул авлигын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус клуб тоглолтын 250 тасалбар худалдсан боловч гал гарах үед дотор нь 500 хүн байжээ. Клубын барилга орж гарах ганцхан хаалгатай байсан. Тиймээс нас барсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь хаалган дээр овоорч, хэт бөөгнөрснөөс болж эрүүл мэнд, амь насаараа хохиржээ.

Гал тайзан дээр ашигладаг салютын төхөөрөмжөөс асаж эхэлсэн гэж таамаглаж байна. Ослын газарт байсан гэрчүүдийн ярьснаар тэсэрч дэлбэрэх чимээ гарсны дараа тааз нурж ирэн, улмаар гал асаж шатаж эхэлжээ. Гал гарсны дараа үйлчлүүлэгчдийн зарим нь клубээс гарахыг оролдож байсан бол зарим нь галыг унтраахыг оролдож байжээ. Албаны хүмүүсийн өгсөн мэдээлэлд тоглолт, арга хэмжээний үед тайзан дээр ашигладаг гэрэлтүүлгийн төхөөрөмж галын шалтгаан болсон гэж тайлбарлажээ. Түүнчлэн барилгын тааз шатамхай материалаар хийгдсэн байсан нь гал хурдан тархах шалтгаан болсон байна. Ослыг мөрдөн шалгах ажлын хүрээнд 20 гаруй хүнийг мөрдөн шалгаж байна. Эдгээрээс 15 хүнийг баривчлан саатуулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна