2025/04/01

Израилийн арми Газын зурваст өргөн хүрээний агаарын довтолгоон эхлүүллээ

info@inder.mn
2025/03/18

Израилийн арми болон Палестины ХАМАС бүлэглэл хооронд гал зогсоох хэлэлцээр нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэлэлцээрийн хугацаа гуравдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болсон. АНУ-ын Засгийн газар хэлэлцээрийн хугацааг дөрөвдүгээр сарын дунд хүртэл сунгах санал тавьж зуучилсан боловч дайтагч талууд харилцан тохиролцоонд хүрч чадаагүй.

Тэгвэл өнөөдөр өглөө Израилийн арми Газын зурваст өргөн хүрээний агаарын цохилт өглөө. Израилийн Батлан хамгаалах хүчний мэдэгдсэнээр ХАМАС бүлэглэлтэй хамаарал бүхий террорист байг онилж агаараас довтолжээ. Газ хотын төвд байдаг Дэйр аль Балах дүүрэг болон Хан Юнис, Рафах хотуудад тус тус нэг, нийт гурван барилгыг бөмбөгдсөн байна. Энэ удаагийн агаарын цохилт нь Газад гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хойш хийсэн хамгийн өргөн хүрээний, томоохон агаарын дайралт болж байна. Мягмар гарагийн шөнө хийсэн агаарын цохилтын үеэр газад 44 хүн амь үрэгдэж, 70 орчим хүн гэмтэж шархаджээ.

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху, Батлан хамгаалахын сайд Израиль Катц нар агаарын цохилт хийх тушаал өгснөө өнөөдөр өглөө мэдэгдлээ. Тушаал өгсөн тухайгаа мэдэгдэхдээ Нэтаньяху ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсийг суллахаас удаа дараа татгалзсанаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Ойрхи Дорнодын бүс нутаг хариуцсан тусгай элч Стийв Виткоффын тавьсан саналыг хүлээж аваагүй учраас Газ дахь агаарын дайралтаа үргэлжлүүлж байна гэсэн тайлбар хийжээ. Мөн Израиль улс цэргийн хүчин чадлаа өмнөхөөсөө нэмэгдүүлж ХАМАС-ын эсрэг дайралтаа үргэлжлүүлэх болно гэсэн байна.

АНУ гал зогсоох хэлэлцээрийн хугацааг дөрөвдүгээр сарын дунд хүртэл сунгахдаа ХАМАС-ын барьцаанд байгаа Израилийн иргэдийг суллаж, оронд нь Палестины Израиль дахь хоригдлуудыг суллах санал тавьсан. Гэвч ХАМАС бүлэглэл зуучлагч орнууд болон Израилийн Засгийн газрын тавьсан саналыг хүлээж аваагүй. Талууд хоёрдугаар шатны гал зогсоох хэлэлцээрээр суллах барьцааны хүмүүс болон хоригдлуудын тоон дээр санал зөрчилдсөн тухай ВВС мэдээлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна