2025/04/08

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалтад оролцож байна

info@inder.mn
16 цаг 6 минутын өмнө

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт энэ сарын 5-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцож байгаа юм.

Энэ үеэр дэлхийн 181 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны бүтцийн байгууллагууд болох Удирдах зөвлөл, Байнгын хороод, Хүний эрхийн болон Ойрхи Дорнодын асуудлаарх хороод хуралдахаас гадна Эмэгтэй парламентчдын, Залуу парламентчдын форум тус тус зохион байгуулагдана.

ОУПХ-ны 150 дугаар чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөж байна. Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм.

Мөн Энх тайван, олон улсын аюулгүй байдлын болон Тогтвортой хөгжлийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаар тогтоол батлагдахаас гадна Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд үр дүнгийн баримт бичгийг ёсчлон батлах аж.

Ассамблейн эхний өдөр Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Эмэгтэй парламентчдын форумд оролцлоо. Жендэрийн тэгш байдал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэй парламентчдын манлайлал, санаачилга, хамтын ажиллагаа бэхжүүлэх зорилготой уг форум байгуулагдсанаасаа хойш 40 дэх жилтэйгээ золгож байгаа аж.

Эмэгтэй парламентчдын форумын үеэр жендэрийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш мөн 30 жилийн ой болж буйг тэмдэглээд, төлөөлөгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил, цаашдын хандлага, шийдлийн хүрээнд харилцан зөвлөлдөв.

Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа нар Ази, номхон далайн бүлгийн хуралд оролцож, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг тэлэхэд парламентын үйл ажиллагааг чиглүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо. Өнгөрсөн онд Швецарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогдсон. Тэрбээр  энэ удаагийн чуулганд Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна.

Дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгчид чуулж буй уг ассамблейн үеэр Парламентын ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг хуралдах бөгөөд тус хуралд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна