ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.
Аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд түвшинд тодорхойлогдсон бөгөөд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн ой, хээрийн түймэр унтраах бүлгийн алба хаагчдад заавар, зөвлөгөө өгч, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, ард иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байна.
Мөн Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдын нутаг дэвсгэр дэх үерийн уснаас хамгаалах далан, суваг, ус өнгөрүүлэх зориулалтын инженерийн байгууламжид хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Аймгийн хэмжээнд 60 хоршооны 113 малчин хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах зорилгоор сүү махны чиглэлийн үхэр, ноолуурын чиглэлийн ямаа, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар бага оврын хүчин чадалтай трактор, тоног төхөөрөмж худалдан авах зэргээр зориулалтын дагуу ашиглаж байгааг энэ үеэр танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян, Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газар зүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ихээхэн ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт бүхий манай улсын хувьд сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулан зохион байгуулж байна. Тиймээс гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр иргэдэд тогтмол заавар, зөвлөгөө өгөх, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, үйл ажиллагагаа төлөвлөн ажиллахыг анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна