2026/01/19

Урагшгүй төрийн “үхэр тэрэг” шиг ажил иргэдээ дахин хохироох уу?

info@inder.mn
2 цаг 16 минутын өмнө

-Автомашины татварын нэмэгдлийг цуцалж, иргэдийнхээ төлөө шийдвэр гаргана уу, НИТХ-ын төлөөлөгчид өө-

2026 оны татварын жил эхэллээ. Мөнөөх шийдвэр гаргаж чаддаггүй төрийн “үхэр тэрэг” шиг ажлын цаана иргэд хоёр дахь жилдээ хохироход хүрч байна.

Ийн хэлэх учир нь, НИТХ-аас өнгөрсөн оны 01 дүгээр сарын 01-нээс тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин нэмэх ямар ч үндэслэлгүй, гэнэтийн шийдвэр гаргасан. Мөн зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлсэн. Энэхүү нэмэгдлээр, “Приус” 36.000-аас 108.000, “Лексус 570” 188.100-гаас 564.300, “Портер” 30.000-гаас 75.000, “Ланд Круйзер-200” 151.800-гаас 455.400 төгрөг болсон юм.

Зам ашигласны төлбөрийн хувьд 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000-аас 100.000, 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-гаас 150.000, 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөг төлж байгаа.

Жилээр бус өдрөөр өсч буй инфляцид иргэд нь дарамтлуулж, ажилгүй, орлогогүй болж байхад татвар нэмж халаасыг нь суйлах Иргэдийн төлөөлөгчид байна гэдэг харамсалтай бас бухимдам.

Хамгийн утгагүй нь дээрх шийдвэрийг гаргахдаа “Автозамын татвартай холбогдолтой санал асуулгыг журамд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-нд Ulaanbaatar.mn  цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн” гээд хээвнэг тайлбарлаж суух.

Улаанбаатар хотын 1.7 сая оршин суугчийг 2 иргэн төлөөлөхгүй, тэдний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах гэж байгаа бол нухацтай судалгаа, олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг хийж, санал авах ёстой. Атал иргэдээ төлөөлж дуу хоолой нь болно гэж уран донгодож сонгогдсон Иргэдийн Хурлын төлөөлөгчид иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэчихээд өнөө хэр нүдэн балай чихэн дүлий.

 

Мэдээж хүн бүр хүлцэнгүй биш. Татварын нэмэгдлийг цуцлах саналыг өнгөрсөн оны гуравдугаар сард иргэн Э.Батбаяр гаргасныг 33 мянга гаруй улаанбаатарчууд дэмжиж гарын үсэг зурсан. Тиймээс уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар зургадугаар сард хэлэлцсэн. Бүр Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд НИТХ татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессийн алдаа гаргасан байх магадлалтай тул эргэн харж, засаж сайжруулах нь зүйтэй гэж дүгнэлтдээ дурдсан.

Улмаар УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд чуулганаар хэлэлцэх асуудлын тов тогтоогоод л өнгөрөв.

Ямар ч шийдвэр гарсангүй. Юу ч тодорхой биш, нэг асуудлыг хөндөөд олны анхаарал сулрахаар тэгсгээд хаячихдаг, загасны ой санамжтай тэр ажлаа хийгээч ээ гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт хаяглая. Иргэдийн дуу хоолой болно гэж сонгогдсон юм бол эрх мэдэл, ашиг сонирхлоо түр хойш тавиад хүнээ бодсон шийдвэр гаргаач ээ, НИТХ-ын төлөөлөгчид өө. Бас өнгөрсөн онд татварын нэмэгдлээр төвлөрүүлсэн гэх 132 тэрбум төгрөгийг хотын замд хэрхэн яаж зарцуулснаа тайлагнахыг шаардаж байна.

Тэртэй тэргүй элдэв татвар хураамж, орлогын хомсдолд өвдөг сөхрөхдөө тулж байгаа иргэд 2026 онд дахин үндэслэлгүй татварыг төлмөөргүй байна.

Д.Биндэр

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна