2024/11/29

Г.Занданшатар: Улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах ямар нэг үйлдэл, эрх зүйн акт гараагүй

info@inder.mn
2022/12/26

"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар болон АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Занданшатар “Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хоёр талын гэрээ болон НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хил халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу ташаа мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор өнөөдрийн хэвлэлийн хурлын хийж байна.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал халдашгүй дархан байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг.

 

Мөн Газрын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал болон хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд, тусгай хэрэгцээнд авсан заалтыг мушгин гуйвуулж тайлбарлаж байна гэж үзэж байна.

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай уг тогтоолыг ХХЕГ, Геодизи, зураг зүйн газар, БХБЯ болон холбогдох тусгай алба, нарийвчлан шинжилж судалж байгаад оруулж ирж, улсын тусгай хэрэгцээнд буюу улсын мэдэлд авсан. Зорилго нь тодорхой.

 

Улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь төрийн мэдэлд авч, хилийн зурвас газар, хил орчмын бүсэд зөвшөөрөлгүйгээр хувийн болон ААН-д газар эзэмшиж, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой. Ингэхдээ зөвхөн УИХ-аар шийдвэрлүүлдэг байх эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн.

 

Өмнө нь орон нутгийн хилийн байгууллага болон аймаг орон нутгийн тохиролцсон гэрээгээр хилийн бүсийг тогтоож, газар эзэмшиж, ашиглах асуудалд харилцаа үүсэж байсан зэрэг зөрчил, дутагдлыг ийнхүү таслан зогсоож, хилийн бүсэд хилийн халдашгүй дархан байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү тусгай хэрэгцээнд авч, тогтоолыг баталсан юм.

 

Түүнээс биш, улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах ямар нэгэн үйлдэл, эрх зүйн акт гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна