2024/11/28

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

info@inder.mn
3 цаг 34 минутын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүртээмжтэй, цогц байдлаар үзүүлэхэд салбар дундын ойлголцол, хамтын ажиллагаа шаардлагатай байгааг үндэслэн хэлэлцүүлгийг ЭМЯ, БШУЯ, ХНХЯ хамтран тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэж, гурав дахь удаагийн ээлжилт уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд сайд нар өмнөх салбар дундын уулзалт дээр яригдсан асуудлуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Та бүхнээс бидэнд байнга тавьж байсан байнгын асаргааны тэтгэмжийн хэмжээг ижил болгох, 2020 оноос хойш хугацааны хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан хэмжээг нэмэгдүүлэх санал, хүсэлт, шаардлагуудыг Төсвийн тодотголоор шийдвэрлэлээ. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байгаа асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд буюу 275,000 төгрөгт хүргэн нэмэгдүүлж олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн” болохыг онцлон тэмдэглэв.

Өмнөх уулзалт, хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой гарсан саналыг үндэслэн 6 чиглэлээр 33 үйл ажиллагаа бүхий салбарын ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтийг ханган ажилласан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид салбар дундын уулзалтыг иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эх, хүүхдүүд, иргэдийн оролцоотой зохион байгуулж, тодорхой үр дүнтэй арга хэмжээг авч чадсанд талархаж буйгаа илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна