2025/02/05

​Сум, хороонд шинээр ажиллах нийгмийн ажилтныг чиглүүлэх сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

info@inder.mn
2025/02/03

Өнөөдөр /2025.02.03/ улсын хэмжээнд сум, хороонд шинээр ажиллах 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалт эхэлж байна.

Тус сургалтад нийгмийн ажилтан бэлтгэдэг магадлан итгэмжлэгдсэн 13 их, дээд сургуулийн багш нар, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан харьяа газар, хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд нийт 40 хүн хамрагдаж байгаа юм.

 Сургалтын хөтөлбөрт зайлшгүй эзэмших шаардлагатай 5 модуль хичээлийг багтаасан.
Үүнд:
- Нийгмийн ажлын удиртгал
- Гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын онол
арга зүй
- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих
урьдчилан сэргийлэх үйлчилгээ
- Хүүхэд, гэр бүлтэй ажиллах кэйс менежмент
- Нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага

Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах, чиглүүлэх сургалтыг бүсчлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал суманд ажиллах нийгмийн ажилтнуудын сургалтыг Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Хэнтий аймгуудад бүсчилсэн байдлаар хоёрдугаар сарын 03-05-ны өдрүүдэд, Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 15-21-ний өдрүүдэд хорооны нийгмийн ажилтныг чиглүүлэх сургалт зохион байгуулна.

 Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр анх удаа сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж эхэлж байгаа нь энэ салбарын ажилд томоохон ахиц дэвшил гарах эхлэл болж байгаа юм.
Энэ долоо хоногт нийгмийн ажилтнуудыг ажилд нь томилох бөгөөд дээрх ажлыг зохион байгуулахтай холбоотой жишиг албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан 21 аймаг, 9 дүүргийн харьяа газар, хэлтсүүдэд чиглэл хүргүүллээ.

2025 оны 01 дүгээр сарын байдлаар сум, хороонд нийгмийн ажилтнаар орох хүсэлтээ илэрхийлэн нийт 1.291 хүн бүртгүүлсэн.

Үүнээс бакалавр зэрэгтэй 1,021, магистр зэрэгтэй 101, докторын зэрэгтэй 2 иргэн байна.
Эдгээрээс хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүн 46.8 хувийг эзэлж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна