Тамхи бол ашигтай, том бизнес. Тиймдээ ч тамхины лобби хүчтэй. Дэлхий дахинд ч тэр, Монголд ч тэр тамхины лобби бүлэглэл асар их мөнгөний урсгалаа хамгаалах гэж янз бүрийн арга хэрэглэсээр ирсэн.
Нэг тоо хэлье. Монголд 610 гаруй тэрбум төгрөгийн зах зээл /200 сая ам.доллар/ янжуур тамхинд эргэлдэж байгаа нь манай ноос, ноолуурын нийт экспорттой дүйнэ. Атал ийм том бизнесийн 85 хувийг импортлогч хоёрхон компанийн гуравхан бүтээгдэхүүн эзэлдэг гэхээр…Бодууштай.
Сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн нь утаат тамхины бизнест нөлөөлж, нийгмийн сүлжээнд худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл тархах болсон. Электрон тамхи хэрэглэсэн хүүхдүүд улаан хоолойны хавдар тусч эмчлүүлж байна гэхчилэн. Янжуураас үнэтэй ч цэвэрхэн, үнэргүй гэдэг үнэлэмжээр Vape хэрэглэгчид нэмэгдсээр, хүүхдүүдийн сонголт болсоор…Бодууштай.
Өмнөговь, Дархан-Уул сүүлд Төв аймгийн Засаг дарга электрон тамхи худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргаж, тэрүүхэндээ олныг талцуулж, хэрүүлийн алим тариад амжсан. Энэ мэт электрон тамхины эсрэг шийдвэрүүдийг янжуурын бизнес эрхлэгчдийн лобби гэж дүгнэдэг л дээ. Алин боловч элетрон ч бай, утаат ч бай тамхи л бол тамхи. Тэр тусмаа хүүхдүүд тамхинд донтож буйг яавч зүгээр хараад суугаад байж таарахгүй…Шийдэл юу вэ?
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хоёр өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хөндөгдсөн гол асуудал нь, электрон тамхины импорт, худалдаа эрхлэлтийг зохицуулах хуульгүй, хүүхдүүдийн дунд хэрэглээ ихэссэн, бүх төрлийн тамхины татвар, хяналтын орчин сул зэрэгт төвлөрч байв. Хүн амын нас баралтад нөлөөлж буй 20 хүчин зүйлийн 3-т тамхи бичигддэг, жил бүр тамхинаас үүдэж 2500 орчим хүн нас бардаг, олон улсын өвчний ангилалд тамхидалтыг “F17” гэж бүртгэн бие даасан эмгэгт тооцдог гээд сэтгэл түгшээх баримтууд ч дурдагдсан. Мөн 13-17 насны хүүхдүүдийн 25 хувь нь буюу 4 сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж, тамхидалтаар Азийн орнуудаас манай улс өндөрт орж байна. Бүр “Вэйп хэрэглэгчдийн холбоо” хүртэл байгуулагдаж, янжуур тамхины бизнес эрхлэгчидтэй “дайтах” болсон. Тиймээс тамхийг утаат, электрон гэж ялгахгүйгээр хуулийг чангатгах нь зүй ёсны шаардлага.
Хэлэлцүүлгийн үеэр Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн батлах, тамхины үнэд эзлэх онцгой албан татварын хэмжээг 80 хүртэл хувиар нэмэгдүүлж, бусад орны туршлагаар тамхи худалдаалдаг касс бүрээс татвар авах, “Тамхигүй улс” болох, иргэдээ донтох эмгэгээс сэргийлэх, илрүүлэх, эмчлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг оролцогчид гаргажээ.
Мэдээж, тамхины бизнес эрхлэгчид татвар нэмэхийг эсэргүүцнэ, тамхидалтын эсрэг нөлөөллийн арга хэмжээнүүдийг аль болох сааруулах гэж оролдоно. Мөнөөх мөнгөний их урсгал нь багасах, хаагдах учраас тэр.
Гэхдээ хэдий болтол улстөрчид нь ч тэр, Эрүүл мэндийн яам нь ч тэр тамхины бизнесийнхний лобби, элдэв хатгаасын эсрэг даацтай дуугарч, арга хэмжээ ч авч чадахгүй “бөөрөнхийлөх” вэ. Хуулиа хэрэгжүүлж, цаг үедээ нийцүүлж шинэчилж, татварын бодлогоор тамхидалтыг хазаарлаж яагаад болохгүй гэж. 2025 онд тамхины бүх төрлийн ил, далд сурталчилгааг хориглосон Австрали, тамхины бизнестэй хүн сонгуульд нэр дэвшдэггүй Япон гээд гадны туршлагыг ч харж үзмээр.
Эцэст нь дахин тодотгоход, тамхи том бизнес. Лобби нь ч хүчтэй. Үүний эсрэг төрийн хатуу бодлого, хуулийн чанга заалтаар л зогсож чадна. Одоо эс бол хожимдоно…
Сэтгүүлч Д.Биндэр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна