Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүх засаглалтай “дайталцаад” удлаа. Хамгийн сүүлд энэ сарын 24-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индрээс “Шүүхийнхэнд хандаж хэлэхэд Ерөнхий сайдаа огцруулах гэж Ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц" гэлээ. Ингээд зогсохгүй "Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч…Шүүгч нар нь өөрсдөө авлигач тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан" хэмээн нэр цохов.
Хариуд нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас мэдэгдэл гаргаж, “Гүйцэтгэх засаглалын тэргүүн тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна”, “…гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг УИХ-ын гишүүд болон олон нийтэд түгээж байгаа учир залруулга хийж байна" гэж мэдэгдлээ.
Ерөнхий сайд өмнө нь 2023 оны 11 дүгээр сарын 30-нд мөн л чуулганд үг хэлэхдээ “Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо…Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй, шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай. Авлигын асуудал шүүхийн шатанд замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар илэрхийлье” гэж сануулсан юм.
Энэ бүхнээс харахад гүйцэтгэх засаглалын тэргүүн, шүүх засаглалын зөрчилдөөн улам хурцадсаар байна. Нэг талаас авлигын зарим хэргийг шүүхээр шийдэхдээ торгоод өнгөрсөн нь олны дургүйцлийг төрүүлж буй. Гэхдээ Монголын шүүгчид бүгд шударга бус юм шиг хандвал зүйд нийцэхгүй. Тиймээс Ерөнхий сайд байсгээд шүүхэд хандсан, сануулсан янз бүрийн мэдэгдэл хийх нь хэтдээ ямар үр дагаварт хүргэхийг таашгүй.
Мөнөөх шүүгчдийн мэдэгдэлд дурдаад байгаа шиг шүүхийн нэр хүнд улам л унаж, шүүхэд итгэх иргэдийн итгэл улам бүр алдарна. Үүний хор уршиг нь эргээд нийгэмд хатуу тусах эрсдэлтэй. Тэр тусмаа гүйцэтгэх засаглалын тэргүүн нь шүүх рүү дайрах нь буруу юм. Ерөнхий сайдын удаа дараа хийсэн ноцтой мэдэгдлүүд шүүхийн бие даасан, хараат бус байдалд ч нөлөөлөх үр дагаварт хүргэж болзошгүй гэдэг нь үндэслэлгүй биш.
Ийнхүү хоёр том засаглал нь хоорондоо зөрчилдөж, “дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэгчлэн хаана хаанаа хөл, толгойгүй, зах замбараагүй байдал газар авах вий.
Ерөнхий сайд байнд ч үгүй банзанд ч үгүй, нэр усгүй хоосон мэдэгдэл хийж байхаар хуулийн байгууллагаар шалгуулаад хариуцлага нэхвэл арай итгэл үнэмшилтэй юм. Эс бөгөөс үнэхээр шүүхийн нэр хүндэд халдсан мэдэгдлээрээ яг юунд хүрэх гээд байна вэ гэх эргэлзээ төрж байна.
Сэтгүүлч Д.Биндэр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна